Зорилготой байх нэрийн дор
Би үеийнхэн дундаа үргэлж амбицтай, ирээдүйтэй гэж дуудуулдаг хүүхэд байлаа. Сурлага сайтай, идэвхтэй, зорилготой. Хичээлээс гадуур юманд оролцоно, өөрийгөө хөгжүүлэх тухай ярианд дуртай. Тэр насанд ийм тодорхойлолт магтаал мэт сонсогддог. Зорилготой байна гэдэг өөрөө хангалттай утга учиртай юм шиг санагддаг байв.
Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ тодорхойлолт дотор би өөрийгөө бүрэн багтааж чадахаа больсон. Ямар нэг зүйл хийж, ямар нэг зорилго руу явж л байвал бүх зүйл зөв мэт, аюулгүй мэт санагддаг байсан би амьдралаасаа хов хоосон мэдрэмж авах болов. Тэр хоосролыг тайлбарлах үг надад байгаагүй. Зүгээр л илүү их хичээвэл, илүү урагшилбал арилчих юм шиг санагдана.
“Тэр үедээ би үүнийг мотиваци гэж боддог байлаа.”
Өөрийн хэн бэ гэдгээ бүрэн ойлгож амжаагүй, ирээдүйнхээ талаар шийдвэр гаргаж амжаагүй залуу хүмүүст мотиваци хүчтэй нөлөөлдөг. Энэ нь зөвхөн хувь хүний сул тал гэхээс илүү бидний амьдарч буй нийгэмтэй шууд холбоотой. Бид эргэлзээг тэвчдэггүй, удаан бодохыг дэмийд тооцдог, тодорхой хариуг аль болох хурдан авахыг шаарддаг орчинд амьдардаг.
Харин манай нийгэм мотивацийг шагнадаг. Хүрэх цэг нь тухайн хүний хувьд чухал эсэх, үнэ цэнтэй утга учиртай эсэхийг үл харгалзан, урагшилж байгааг үнэлдэг.
“Залуу хүнд өөрийгөө таних процесс угаасаа амаргүй. Эргэлзээтэй, зөрчилтэй, заримдаа айдастай. Өөрөөр хэлбэл, өсөж яваа хүний хувьд хэвийн зүйл.”
Мотиваци энэ бүхэнд яг таардаг. Тодорхойгүй байдлыг тэвчихийн оронд, хурдан хариулт санал болгодог.
“Зүгээр л хичээ.”“Өөрийгөө битгий өрөвд.”“Бусдаас хоцорч болохгүй.”“Одоо л хичээхгүй бол хэзээ?”
Хүн юунд итгэхээ шийдэж амжаагүй байхад нь зорилго өгдөг. Ямар амьдрал хүсч байгааг нь асуухаас өмнө, ямар амжилтад хүрэх ёстойг нь хэлчихдэг. Ингээд зорилго нь чиглэл биш, дарамт болж хувирна.
“Эндээс л мотиваци аажмаар өөрөөр ажиллаж эхэлдэг.”
Хэрвээ хичээл зүтгэл хаашаа чиглэж байгаагаа мэдэхгүй бол, ямар үнээр урагшилж байгаагаа асуухгүй бол, тэр хөдөлгөөн хүнийг хөгжүүлэхээсээ илүү ядрааж эхэлдэг.
Залуу хүмүүс ийм орчинд өөрсдийн биш мөрөөдлийг мөрөөдөл мэт хүлээн авч сурна. Өөрсдийн биш зорилгыг амжилт гэж бодно. Харин нэг л өдөр тэр зорилгодоо хүрэхэд, эсвэл хүрэх боломжгүй гэдгээ ойлгоход асар өвдөлттэй хоосролтой нүүр тулна. Учир нь хөдөлгөөн байсан ч, утга учир байгаагүй.
Магадгүй мотиваци өөрөө муу биш. Харин түүнд хэт эрт, хэт их итгэх нь л асуудал байсан байх. Ялангуяа жаахан, залуу байхдаа.
“Асуулт асуух ёстой насандаа хариулт цуглуулах гэж яарах үед, тэр хариултууд биднийх биш байх нь элбэг.”