Signature

Зан чанар зээлэхээ больсон нь

Зан чанар зээлэхээ больсон нь

Би өглөө нүдээ нээмэгцээ л бусад хүмүүс өглөөний цайндаа юу уусныг, өнөөдөр юу өмссөнийг, ямар нэг сэдвийн талаар юу гэж бодож байгааг нь харсаар, уншсаар нэг мэдэхэд өөрийнхөө талаар төдийлөн мэдэхээ больсон байв.

Аливаа зүйлийн талаар миний өөрийн бодол түрүүлж төрөхөө больж, харин аль хэдийн өөр хэн нэгний хэлсэн үзэл бодол санаанд орно.

Зүгээр л мэдээлэл гэж боддог байсан ч үнэндээ өдөр бүр хүлээж авч буй тэдгээр элдэв ятгалгууд надад анзаарагдахгүйгээр шингэж, аажмаар миний зан чанар болж эхэлсэн байв.

Энэ байдал үргэлжлэх тусам нэг мэдэхэд би юунд дуртайгаа, амьдралынхаа аль хэсгээс юу мэдэрдгийг санахгүй байлаа.

Гэрээсээ гарахдаа түлхүүрээ мартаад гарчихдаг шиг зүгээр л мартчихсан байв.

Өөрийнхөө хоёр хоногийн өмнө юу хийснийг санах сөхөөгүй атлаа бусдын амьдралд юу болж байгааг маш идэвхтэйгээр үзээд л байлаа, үзээд л байлаа.

Ингэх тусам өөрийн минь амьдрал онцгой зүйлгүй, хүлээх юмгүй, тайлбарлахад ч сонирхолгүй зүйл шиг санагддаг болов. Би амьдарч байгаагаасаа илүү, бусдын амьдралыг ажиглаж өнгөрөөж байлаа.

Түүгээр зогссонгүй. Бусдын амьдралыг үзэж харах тусам өөрийн минь амьдрал тэвчихийн аргагүй үзэн ядмаар санагдаж эхлэв шүү.

Тэгээд би зарим зүйлсийг зүгээр л бусдад харагдах гэж хийдэг болсноо ч анзаарав. Өөртөө цаг гаргадаг хүн шиг харагдахын тулд өөртөө цаг гаргаж, эрүүл амьдардаг хүн шиг харагдахын тулд дасгал хийж, завгүй амьдарч байгаа мэт харагдахын тулд өөрийгөө ядраадаг болсон байв.

Гэхдээ тэр бүхний дараа үлдэх мэдрэмж нь хоосон.Үнэхээр өөртөө цаг гаргасан сайхан мэдрэмж төрөхгүй.

“Миний амьдрал өөрт минь үнэхээр сайхан мэдрэгдэхээс илүү ‘сайхан байгаа юм шиг бусдад харагдах’ нь илүү чухал болж хувирсан байлаа.”

Тэгээд би хэн ч намайг харж байгаа биш бол би үнэхээр ямар сонголт хийх вэ гэдгийг бодож шийдвэр гаргаж эхлэв.

Зөвхөн өөртөө зориулж зураг болов.

Эрүүл амьдардаг хүн гэж өөрийгөө тунхаглах гэж өглөө босч дасгал хийхээ больж, үнэхээр эрүүл байхын тулд л биеэ хөдөлгөдөг болов.

Бусдад тунхагламаар зүйлс тохиолдсон ч амьдралынхаа дурсамжуудыг, даван туулж байгаа үйл явдлуудыг өөртөө үлдээж байхаар шийдэв.

Ийнхүү би минийх биш зүйл надтай удаан үлдэхгүйг ойлгож, бусдаас зан чанар зээлэхээ болихоор шийдсэн билээ.