Цэцэг авдаг өдөр
Special edition
Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүд цэцэг авдаг.
Албан байгууллагууд баярын арга хэмжээ зохион байгуулж, ресторанууд дүүрч, сошиал орчинд мэндчилгээ тасрахгүй. Олон хүний хувьд энэ өдөр хаврын эхлэлтэй давхцсан, дулаан уур амьсгалтай баяр мэт өнгөрдөг.
Гэхдээ энэ өдөр анхнаасаа цэцэгний тухай байгаагүй.
Монгол хэл дээр энэ өдрийг “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” гэж нэрлэдэг. Энэ нэр нь өөрөө ихийг хэлнэ. Яагаад эмэгтэйчүүдийн эрхийг “хамгаалах” шаардлага гарсан юм бэ?
“Хэрвээ эрх нь анхнаасаа бүрэн байсан бол түүнийг хамгаалах тухай ярих шаардлага гарахгүй байх байсан.”
Түүхийн тодорхой үеүдэд дэлхийн олон оронд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй ижил тэгш боломж эдэлдэггүй байсан. Тэд сонгуульд санал өгөх эрхгүй, улс төрийн шийдвэр гаргалтад оролцох боломжгүй, их сургуульд ч суралцах эрхгүй байсан үе бий. Үйлдвэрт ажиллаж байсан ч эрэгтэйчүүдээс бага цалин авч, урт цагаар ажиллах нь элбэг байв.
Тиймээс эмэгтэйчүүд боловсрол эзэмших, хөдөлмөрийн шударга нөхцөл эдлэх, улс төрд оролцох, нийгмийн шийдвэр гаргалтад дуу хоолойгоо хүргэх эрхийнхээ төлөөх хөдөлгөөнүүдийг эхлүүлсэн. Эдгээр тэмцлүүд нь олон оронд тархаж, эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудлыг олон улсын хэмжээнд яригдах сэдэв болгосон бөгөөд ийнхүү гуравдугаар сарын 8-ны өдрийг олон улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж эхэлжээ.
Эмэгтэйчүүдийн эрхийн тухай ийнхүү яригдаж эхэлсэн нь эмэгтэйчүүд илүү эрх хүссэндээ биш юм. Харин нийгэмд хүн бүрт байх ёстой хамгийн наад захын энгийн эрхүүд хүртэл эмэгтэйчүүдэд тэгш хэрэгждэггүй байсантай холбоотой.
Феминизм хэзээ ч эмэгтэйчүүдийг эрчүүдээс илүү болгох тухай байгаагүй. Харин адилхан боломж, ижил тэгш эрхтэй байх тухай үзэл санаа байсаар ирсэн.
Феминизм бол илүү байх тухай биш.Харин ижил тэгш байх тухай.
Сонирхолтой нь эмэгтэйчүүдийн эрхийн тухай энэ түүх бүх улс оронд яг адилхан байгаагүй.
Монголын нийгмийн түүх, нүүдэлчин амьдралын хэв маяг эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй нээлттэй байсан талаар олонтаа дурдагддаг. Нүүдлийн амьдралд өрхийн эдийн засаг, амьдралын зохион байгуулалт, олон чухал асуудалд эмэгтэйчүүдийн үүрэг чухал байв.
Зарим үед энэ оролцоо өрх гэрийн хүрээнээс давж, төрийн хэрэгт хүртэл нөлөөлж байсныг түүхийн жишээнүүд харуулдаг. Чингис хааны байгуулсан эзэнт гүрэн ч түүний хатад, охид, эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр оршин тогтнож, өргөжих боломжгүй байсан тухай түүхчид тэмдэглэсэн байдаг.
Гэвч энэ нь эмэгтэйчүүдийн эрхийн асуудал Монголд огт байгаагүй гэсэн үг биш юм. Нийгмийн бүтэц ерөнхийдөө эцгийн эрхт хэвээр байсан бөгөөд төрийн дээд эрх мэдэл, улс төрийн шийдвэр гаргалтад эрэгтэйчүүд илүү давамгайлж ирсэн.
Зарим тохиолдолд бид “Монголчууд эмэгтэйчүүдийг үргэлж хүндэтгэж, дээдэлж ирсэн” гэцгээдэг. Энэ нь бусад нийгмийн соёлуудтай харьцуулахад тодорхой хэмжээнд үнэн байж болох ч дээдлэх ба тэгш эрхтэй байх гэдэг нь хоёр өөр ойлголт юм.
Өөрөөр хэлбэл Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй нээлттэй байсан ч энэ нь бүрэн тэгш байдал гэсэн үг биш байв. Өнөөдөр ч боломж, оролцоо, аюулгүй байдлын асуудлууд эмэгтэйчүүдийн хувьд бүрэн шийдэгдсэн гэж хэлэхэд хэцүү.
Мөн бодит амьдрал дээр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл Монголд ч асуудал хэвээр байна. Эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн тохиолдлууд жил бүр бүртгэгддэг нь эмэгтэйчүүдийн эрх, аюулгүй байдлын асуудал өнөөдөр ч бодит хэвээр байгааг сануулдаг.
Үүнтэй адилаар дэлхийн олон оронд эмэгтэйчүүд ижил ажил хийсэн ч бага цалин авах, удирдах түвшний албан тушаалд бага хүрэх, хүчирхийлэлд өртөх, улс төрийн оролцоо харьцангуй бага байх зэрэг асуудлууд өнөөдрийг хүртэл байсаар байна.
Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн эрхийн тухай яриа зөвхөн өнгөрсөн түүхийн тухай биш, одоо ч үргэлжилж байгаа асуудал юм.
Гуравдугаар сарын 8-ны өдөр цаг хугацааны явцад илүү баярын шинжтэй болжээ. Цэцэг өгч, талархал илэрхийлж, эмэгтэйчүүдийг баярлуулах өдөр мэт өнгөрөх нь олонтаа.
Магадгүй энэ нь буруу биш.
Бид энэ өдрийг цэцэг авдаг өдөр гэж санаж болно.Харин тэр цэцгийн цаана яагаад энэ өдөр бий болсныг санаж байхад л хангалттай.