Original

Сошиал медиа бидэнд 'хэвийн' гэж итгүүлсэн хэвийн бус зүйлс

Сошиал медиа бидэнд 'хэвийн' гэж итгүүлсэн хэвийн бус зүйлс

"Амжилт гэж хэдүүлээ нэг л зүйлийн талаар яриад байгаа ш дээ."

Сошиал медиа амжилтыг тансаг оффис, гадаад аялал эсвэл контент бүтээгч болох, бүтэн цагийн ажлаа орхих, гадаад улс руу нүүх зэрэг нэг хэвэнд цутгасан үйл явдлуудаар төлөөлүүлж харуулдаг. Гэтэл зарим хүний хувьд амжилт гэдэг гэртээ ээжтэйгээ оройн хоол идэх. Заримд нь сэтгэлийн өвдөлтөөсөө ангижрах.

Амжилт бол чимээгүй бөгөөд хувийн шинж чанартай зүйл. Бусдын хэмжүүрээр амжилтыг хэмжих тусам бид амьдралаас жинхэнээсээ юу хүсч байгаагаа ойлгохоо больж, өөрөөсөө холдож эхэлдэг.

"Өө сэвгүй, төгс хайр дурлал үнэхээр байдаг."

Хосуудын "Couple goals" гэх төгс харилцааг харуулах бичлэгүүдийн цаана уур, гомдол, зөрчил маргаан, уучлал гээд бидний даван туулдаг зүйлс бүгд бий. Хүмүүс бие биедээ хайраа илэрхийлэхдээ бус, хайртайгаа 'яаж харуулдгаа' бусад хүмүүст баталж нотлоход илүү анхаардаг болсонд асуудал буй.

Бодит байдал дээр хайр бол төгс биш болохоор нь хэн нэгнийг хайрлах, хоёр төгс бус хүн хамтдаа утга учиртай төгс бусуудыг даван туулах тухай билээ.

"Аз жаргалтай амьдрал гэдэг бол aesthetic амьдрал."

Сошиал медиагийн бидэнд итгүүлэхийг хичээдэг aesthetic амьдрал нь гоё гэрэл зураг, минимал орон зай гээд бүгд "тайван байх" тухай дүр зургууд байдаг. Гэвч энэ бол дотоод амар амгаланг гаднах хэлбэрээр орлуулах нэг төрлийн төөрөгдөл. Аз жаргал, амар тайван байдал нь харагдах биш мэдрэгдэх ёстой зүйл юм. Харин "aesthetic амьдрал" бидэнд жинхэнээсээ амар амгаланг мэдрүүлэхээсээ илүү, "яаж амар амгалан харагдах вэ" гэх дарамтыг бий болгосон.

Aesthetic бол хиймэл дүр зураг, харин аз жаргал, амар тайван байдал бол бидний асуудалтай, эмх замбараагүй гэхдээ жинхэнэ тэр л амьдрал юм.

"Үнэ цэнтэй, чухал хүн байхын тулд байнга завгүй байх ёстой."

Сошиал медиа дээр бүх зүйл хөдөлгөөнтэй, тасралтгүй урсаж байгаа мэт харагддаг. Байнгын ийм төрлийн агуулгыг хүлээж авснаар энгийн амрах, зүгээр л тайван суухдаа хүртэл бид гэм буруутай мэдрэмж авах болжээ.

Гэвч бид робот биш. Үүнийг заримдаа өөртөө үнэхээр нухацтайгаар сануулах хэрэгтэй. Мөн байнга ийм төрлийн агуулгаар бөмбөгдүүлээд өөрийгөө завгүй байлгах гэж зогсоо зайгүй хичээж байх үедээ бид бас л нөгөө "Би үүнийг үнэхээр хүсч байна уу?", "Энэ араас нь ингэж эцэж цуцталаа яваад байгаа зүйл миний хувьд үнэхээр чухал уу?" зэрэг асуултуудыг өөрөөсөө асуух ч завдалгүй хэт их хугацааг өнгөрүүлсэн байдаг. Гэтэл өөрийнхөө дотоод жинхэнэ зорилго, хүсэл мөрөөдөлтэй холбогдсон, ойлгосон хүн цаг гаргаж, тайван бодож тунгаах нь хий дэмий завгүй байхаас хамаагүй илүү зөв сонголт гэдгийг мэддэг.

"Үргэлж эерэг, урам зоригтой байх ёстой."

"Good vibes only" гэх өнөөгийн соёл гуниг, эргэлзээ, ядаргааг буруу зүйл мэтээр бидэнд ойлгуулдаг болсон.

Гэвч хүн бүрийн амьдралд гэрэл, сүүдэр зэрэгцэн оршдог. Гунигтай байх өдөр ч гэсэн "сайн" амьдралын нэг хэсэг юм.

Амьдрал үргэлж гялалзсан, гялтганасан, ямар ч асуудалгүй байдаг мэт, амьдралдаа ямар ч саад бэрхшээлтэй нүүр тулахгүй байгаа мэт, үргэлж асуудалгүй аз жаргалтай байгаа мэтээр харуулахаар зорьсоор байгаа нь бидний үнэн бодит байдалтай бүх талаараа зөрчилдөж байгаа юм.

"Өөрийнхөөрөө, жинхэнээрээ байх нь хангалтгүй."

Сошиал медиа биднийг цаг минут тутамд "илүү сайхан хувилбар"-аа бүтээ гэж дарамталдаг. Илүү төгс арьс, илүү том булчин, илүү төгс = өөрөөсөө илүү өөр.

Филтер, филлер, загварын сүүлийн үеийн чиг хандлага бүгд "өөрийнхөөрөө" байдлын эсрэг зөөлөн дарамт болж хувирсан. Төгс харагдах гэж хичээх тусам бид бодит дүр төрхөө, хувь хүнийхээ онцлог шинж чанаруудаа, алдаа дутагдлынхаа үнэ цэнийг алдаж, өөрөө өөрөөсөө холдож байдаг.

"Хэрвээ чи контент хийдэг хүн биш л бол азгүй амьтан."

Өнөөдөр сошиал ертөнц амжилтыг олон хүнд хүрэх, анхаарал татах зэрэг хэмжүүрээр үнэлдэг болсон. Дагагч цуглуулах, олон үзэлт авах чадвар л хамгийн үнэ цэнтэй мэт. Тиймээс контент бүтээгчид л "cool", "амжилттай", "өөртөө итгэлтэй" харагдаж, харин бусад мэргэжил, ур чадвар, хөдөлмөр үл үзэгдэгч мэт санагдах болжээ.

Хүн бүр контент хийхгүй л бол хоцорсон мэт мэдрэмж авах болсон нь хачирхалтай. Эмч, багш, инженер, тогооч гээд бүгд ажил мэргэжлээ тайлбарлахдаа "брэнд", "storytelling", "контент" гэсэн үгс ашиглах хэрэгтэй мэт. Гэвч бүх зүйл контент байх албагүй. Төгс зураг, бичлэг хийхгүй ч хүн бүрийн хийдэг ажил, бүтээдэг зүйл нь утга учиртай хэвээрээ.