Өөрийгөө үргэлж хангалтгүй гэж мэдрэх нь санамсаргүй зүйл мөн үү?
“Надад л ингэж санагдаад байна уу?”
Өөрийгөө хангалтгүй гэж мэдрэх нь ихэнхдээ зүгээр л хувь хүний асуудал мэт ойлгогддог. Илүү хичээх ёстой. Илүү сайжрах ёстой. Өөрийгөө илүү дайчлах ёстой. Ингэж бид энэ мэдрэмжийг өөрийнхөө дотоод сул тал гэж тайлбарлаад, надад л нэг зүйл болохгүй байна гэж дүгнэдэг.
Гэхдээ нэг асуулт энд зайлшгүй гарч ирнэ. Хэрвээ ийм мэдрэмж ганц нэг хүнд биш, маш олон хүнд, бараг ижил хэлбэрээр, ижил үгсээр илэрч байвал яах вэ? Хэрвээ бид нийтээрээ “би хангалтгүй” гэж мэдэрч байвал энэ үнэхээр санамсаргүй зүйл мөн үү?
Хүн бүр өөр өөр амьдралтай, өөр өөр нөхцөлд, өөр өөр замаар явж байгаа мөртлөө яагаад бид яг ижилхэн өөрсдийгөө хангалтгүй гэж мэдэрдэг вэ? Яагаад энэ бодол яг тодорхой шалтгаангүй гэнэтхэн, гэхдээ байнга төрдөг вэ? Заримдаа зүгээр л өөрийн амьдралаар амьдарч явсан мөртлөө гэнэт л “би хангалттай сайн байж чадахгүй байна”, “би ард хоцорч байна” гэсэн бодол төрдөг.
Хэрвээ нэг мэдрэмж нийгмээрээ ижилхэн давтагдаж, ижил үгсээр тайлбарлагдаж, ижилхэн дарамт мэт мэдрэгдэж байвал шалтгааныг нь зөвхөн хувь хүний зан чанар, хичээл зүтгэл, эсвэл дотоод бэлэн бус байдлаас хайгаад хангалтгүй байж магадгүй юм. Магадгүй асуулт нь “би яачихсан юм бол?” гэдэгт биш, харин “би өдөр бүр ямар орчинд, ямар мэдээлэл дунд, ямар жишээтэй нүүр тулж байна вэ?” гэдэгт оршиж байж болох. Учир нь бидний өөрсдийгөө харах өнцөг, өөрсдийгөө үнэлэх хэмжүүр дан ганц дотроос бий болдоггүй.
“Энэ бодол хаанаас ирдэг вэ?”
Бидний өдөр тутам хүлээж авч байгаа контент, ярьж буй сэдвүүд, харж буй дүр зураг санамсаргүй байдлаар бидний өмнө гарч ирдэггүй. Юу “гоё амьдрал” вэ, юу “амжилт” вэ, ямар хүн “өөрийгөө олсон” гэж тооцогдох вэ гэдгийг бид өөрсдөө шийдэж байгаа мэт санагдавч бодит байдал дээр эдгээр нь байнга давтагдсаар аажмаар бидний дотоод ойлголтын нэг хэсэг болж хувирдаг.
Илүү сайхан хувилбарууд, илүү бүтээмжтэй амьдрал, илүү төгс бие, илүү аз жаргалтай хүмүүс тасралтгүй урсана. Энэ бүхний дунд “одоо байгаа чи” хэзээ ч эцсийн хувилбар мэт харагдахгүй. Үргэлж нэг алхам дутуу, нэг шат доогуур, ямар нэг сайжруулалт заавал хийх шаардлагатай мэт санагдана.
Ийм агуулгаар бөмбөгдүүлж буй нийгэмд “хангалттай” гэдэг ойлголт бодит амьдрал дээр орших бараг л боломжгүй мэт болж эхэлдэг. Хангалттай гэхээс илүү арай дээр байх ёстой гэсэн дохио бидэнд байнга өгөгдөнө. Тиймээс одоо байгаа байдал маань хэзээ ч дууссан, хүрсэн, болчихсон мэт санагдахгүй. “Хангалттай” гэдэг нь бодит цэг биш, харин үргэлж дараагийн шат руу шилждэг шаардлага болон хувирна.
Тиймээс бид амжилтад хүрсэн ч, ахиц гаргаж байсан ч өөрсдийгөө хангалтгүй гэж мэдэрдэг. Завсарлага авахдаа ч гэмшил мэдэрдэг. Тайван байдал хүртэл сэжигтэй санагддаг. Энэ нь бид үнэхээр хангалтгүйдээ биш, харин хангалттай гэдэг ойлголт бидний амьдралд хэзээ ч ирдэггүй орчинд амьдарч байгаатай холбоотой.
Бидэнд “чи хангалтгүй” гэж хэн ч шууд хэлдэггүй.
Гэхдээ бид байнга нэг ижил мессежүүдийн дунд амьдарч байна. Өглөө сэрээд л “өөрийгөө илүү бүтээмжтэй болгох 5 арга”, “амжилттай хүмүүс ингэж өглөөг эхлүүлдэг” гэсэн гарчигтай контентуудтай таарна. Ажлаа хийж дуусаад ч “чи илүү сайн хувилбар байж болох байсан” гэдгийг сануулах жишээнүүд тасрахгүй.
Бидний харж байгаа амьдралууд ихэнхдээ амсхийх завгүй мэт харагдана. Хэн нэгний карьер тасралтгүй өсөж, хэн нэгний бие махбодь үргэлж төгс хэлбэртэй, хэн нэгний амьдрал үргэлж утгатай, зорилготой мэт харагдана. Харин ядарч сульдсан, эргэлзсэн, зогсож байгаа мөчүүд ховор харагдана. Ингэснээр амьдралын завсар, хоосон үе, эргэлзээ хүртэл “алдаа” мэт ойлгогдож эхэлдэг.
Бид эдгээр мессежийг ухамсартайгаар ялгаж таньдаггүй. Харин давтамжаар нь хэвийн мэт хүлээж авсаар байгаад, аажмаар өөрсдийн дотоод дуу хоолой мэт сонсож эхэлдэг. Ингэж гаднаас ирсэн жишиг бидний дотор ямар хүн байх ёстой вэ гэсэн төсөөлөл болж сууж үлддэг.
Тэгээд бид өөрсдийгөө бодит хүмүүсээр биш, тэр төсөөллийн “илүү хувилбартайгаа” харьцуулж эхэлдэг. Тэр хувилбар хэзээ ч ядардаггүй, эргэлздэггүй, зогсдоггүй. Харин бодит хүн болох бид түүний хажууд үргэлж дутуу мэт санагдана. Ингэснээр гаднаас ирсэн жишиг дотроос маань өөрийн үнэлэмжийг хэмжих хэмжүүр болон хувирна.
Иймээс бид өөрсдийгөө байнга засах ёстой, байнга өөрчлөгдөх ёстой, байнга илүү болох ёстой мэт мэдэрдэг. Энэ нь бидний сул тал биш, харин бидний удаан хугацаанд амьдарч ирсэн орчны логик юм.
Магадгүй бидний хийж болох хамгийн зоригтой үйлдэл бол энэ мэдрэмжийн цаад шалтгааныг олж харахыг хичээх явдал байх. “Чи хангалтгүй” гэж тасралтгүй бөмбөгдөх ертөнцөд “Би хангалттай” гэж өөртөө хэлэх. Ингэж өөрийнхөө туулж буй туршлагуудад, өөрийнхөө хэмнэлд хүндэтгэлтэй хандах.
Хэрвээ бидний дутуугийн мэдрэмж үнэндээ ийм хий хоосон, алгоритмийн давтамжаар бий болдог юм бол хангалттай байхын тулд биднийг араас нь хөөсеөр ирсэн тэр бүх шаардлага, шалгуурыг орхих зориг бидэнд бий болов уу? Орхивол ер нь юу өөрчлөгдөх бол?