Өнгөрсөндөө өргөх баярын хундага
Шинэ он гарах дөхөхөөр бид өнгөрсөнд туулсан бүхнээ өөрийн эрхгүй эргэн санадаг. Зарим нь хийсэн бүтээсэн зүйлсээ жинлэж, зарим нь алдсан, оносон бүхнээ дотроо дахин дахин тоолж сууна. Хэн нэгний хувьд энэ жил амьдралынх нь хамгийн хэцүү жил байсан байж магадгүй. Харин өөр нэгний маань хувьд урт хугацаанд тарьсан үрээ хураасан, өөртөө талархах шалтгаантай жил байсан ч байж мэднэ.
Ямартай ч бид бүгд нэг ижил газарт ирсэн байна. Өнгөрсөн нэг жилийг ардаа үлдээх гэж.
"Ихэнхдээ бид яг энэ үед ирээдүйнхээ талаар л боддог. Юуг өөрчлөх вэ, юунд илүү хичээх вэ, цаашид ямар хүн болох вэ зэргээр өөртөө амлалт өгдөг. Хундага өргөж, хүсэл шивнэж, шинэ эхлэлдээ бэлддэг. Харин өнгөрсөндөө хандахдаа бид түүнийг аль болох хурдан ардаа орхих, эсвэл зүгээр л 'болсон явдал' болгохыг хичээдэг."
Миний хувьд энэ жил өөрөө өөртөө эргэж ирсэн жил байв. Бие махбодио, сэтгэл зүйгээ, сүнсээ ямар байдалтай явж ирснээ анх удаа зугталгүйгээр харж зүрхэлсэн жил. Юунаас зугтаж, юунд дасаад, юуг тэсвэр гэж эндүүрч явснаа өөрөөсөө нуухаа больсон жил. Хэн бэ гэдгээс минь аажмаар холдуулж байсан харилцаа, хүмүүс, газрууд, эд зүйлсийг нэг нэгээр нь таньж, заримыг нь маш их өвдөлттэйгээр, заримыг нь нам гүмхэн тавьж явуулсан. Тэр бүхнийг тавьж явуулна гэдэг уучлах тухай байгаагүй, мартах тухай бүр ч байгаагүй юм билээ. Харин цаашид энэ бүхнийг мөрөн дээрээ үүрч явахаа болих шийдвэр байсан.
Бид он солигдох мөчид ирээдүйнхээ төлөө сайн сайхныг ерөөж хундага өргөдөг шүү дээ. Илүү аз жаргалтай байхыг, илүү амжилттай явахыг, илүү тайван амьдрахыг хүсэж, шинэ оноос ихийг хүлээдэг. Харин тэр бүхнийг хүсэхдээ бид нэг зүйлийг ихэвчлэн орхигдуулдаг юм шиг санагддаг. Бид өнгөрснөөсөө яг юуг тээж цааш явах гэж буйгаа асуухгүй өнгөрдөг. Өнгөрсөн гэдэг зүгээр нэг ард үлдсэн он сар биш. Тэр бол бидний биеэр дамжиж өнгөрсөн мэдрэмжүүд, шийдвэрүүд, тэсвэрүүд, заримдаа чимээгүйхэн залгисан уй гашуунууд юм. Тэд нэрээ сольчихоод, "туршлага", "хатуужил", "сурсан юм" гэж дуудуулах ч бодитоороо бол бидэнтэй хамт өнөөдрийг хүртэл алхсаар ирсэн ачаа байдаг.
"Тийм учраас энэ удаа ирээдүй рүү яарахаасаа өмнө өнгөрсөндөө мэхийн ёсолж хундага өргөцгөөе."
Учир нь хүндэтгэл үзүүлээгүй өнгөрсөн бидний сэтгэл дотор дуугүйхэн эсэргүүцэл үзүүлсээр л байдаг. Бид түүнийг харахгүй байж чадна, гэхдээ нөлөөг нь тойрч гарч чадахгүй. Тэр бидний сонголтууд дээр, харилцаанууд дээр, өөрийгөө яаж харж байгаад маань хүртэл шургалсаар байдаг. Өнгөрснийг үгүйсгэнэ гэдэг өөрийнхөө нэг хэсгийг үгүйсгэж байгаагаас ялгаагүй. Өвдөлттэй, будлиантай, алдаатай байсан ч тэр үе бол миний амьдралаар дамжиж өнгөрсөн үнэн. Түүнийг байхгүй мэт дүр эсгэх тусам би өөрөөсөө холбоо тасарч, яагаад байгаагаа ойлгохоо больдог байснаа ойлгосон.
Би өнгөрсөнтэйгөө удаан хугацаанд дайсагнаж явсаан. Дахиж санахгүй байхыг хичээж, давтахгүй байхыг өөртөө амлаж, "аль хэдийн дууссан" гэж өөрийгөө ятгасаар ирсэн. Гэтэл өнгөрөнтэйгөө дайсагнасаар байвал тэр хэзээ ч ард үлддэггүй юм билээ. Харин ч дахин дахин сануулж, одоогийн амьдралд шурган орж, биднийг өөрийн мэдэлгүй жолоодсоор байдаг. Харин нэг л өдөр зориг гаргаад нүүр тулж, "энэ түүх энд дууссан" гэдгийг өөртөө зөвшөөрөх үед л түүний жин аажмаар багасч эхэлсэн. Зарим түүхүүд өөрсдөө аяндаа намждаггүй. Цаг хугацаа ч дангаараа бүхнийг эмчилдэггүй. Зарим хаалгыг хаахын тулд бидэнд зориудын үйлдэл, дотоод ёслол хэрэгтэй байдаг. Энэ бичвэр бол миний хувьд тэр ёслол минь юм.
Өнгөрсөндөө хундага өргөе. Биднийг энд хүргэсэн бүхэнд.