Signature

Нэр өгсөн бүхэн хязгаартай

Нэр өгсөн бүхэн хязгаартай

Бид аливааг ойлгохын тулд эхлээд нэр өгдөг. Нэртэй бол танил, хянаж болох мэт санагдана. Тиймээс бид юмсыг ангилж, тодорхойлж, хүрээ тогтоож байж санаа амардаг. Өөрийгөө “Би бол ийм хүн.” гэж тодорхойлно. Бусдыг ч ялгаагүй. “Тэр бол тийм л хүн.” Нийгэм ч энэ логикоор ажилладаг. Хэн нэгэн ээж, хэн нэгэн удирдагч, хэн нэгэн нухацтай, хэн нэгэн хөгжилтэй.

Бид харилцаандаа, карьертаа нэр өгөх гэж яарна. Өөртөө ч тэр элдэв шошго нааж байж л тайвширна. Учир нь тодорхойлолт нь эргэлзээ, танил бус байдлыг багасгаж, тодорхой хүрээ үүсгэдэг. Тодорхой байвал аюулгүй.

“Гэвч тодорхойлолт бол хязгаар.”

Өөрийгөө “нухацтай хүн” гэж нэрлэсэн даруйд чөлөөтэй байх орон зай хумигдаж, хөгжилдөх нь тохиромжгүй мэт санагдана. “Эерэг хүн” гэх нэр авмагц гуниглах нь буруу мэт. “Хатуу зарчимч” гэх тодорхойлолт авмагц уян хатан байх нь сул дорой мэт. “Залхуу” гэх нэр авмагц хичээж эхлэх нь утгагүй мэт.

Нэгэнт нэртэй болсон бол тэр нэрэндээ нийцэх ёстой мэт дотоод хүлээлт үүсдэг.

Нэг нэр авсан л бол тэр нэрээ хамгаалж эхэлнэ. Түүндээ багтахын тулд өөрийнхөө бусад боломжуудыг аажмаар дарах нь бий. Хэрэв тэр хүрээнээс гарах юм бол өөрөөсөө урвасан мэт, бусдын хүлээлтийг эвдсэн мэт санагдана.

Гэвч бид тодорхойлолтоосоо гарч чадахгүй байсаар, “Энэ хэзээ ийм болчихсон юм?” гэж хэлүүлэхээс айсаар амьдралдаа тохиолдож болох гайхамшигтай боломжуудыг өнгөрүүлээд байвал харамсалтайяа?

Түүнээс гадна хүн маш комплекс бүтэцтэй. Зөрчилтэй. Нэгэн зэрэг хатуу байж чадна, бас эмзэг ч байж чадна. Стратеги боловсруулж чадна, мөн шүлэг ч бичиж чадна.

Нэг нэрэнд багтахгүй байх нь хэвийн.

Энэ зөрчил нь сул тал биш, харин бүрэн бүтэн байдлын нэг хэсэг. Тодорхойлолт нь энэ олон давхаргат байдлыг нэг шугам болгон хувиргадаг аюултай. Тодорхойлолт биднийг ойлгомжтой болгодог ч, нэгэн зэрэг багасгаж байдаг.

Бид өөрсдийгөө нэг үгээр танилцуулж чадна л даа. Гэхдээ тэр нэг үг биднийг бүхэлд нь илэрхийлэх боломжгүй. “Нухацтай.” “Бүтээлч.” “Залхуу.” “Амжилттай.” Эдгээр нь зөвхөн хэсгүүд. Харин хэсгийг бүхэл гэж андуурах мөчид л тодорхойлолт нь хязгаарлалт болж эхэлдэг.

Нэр өгсөн бүхэн хязгаартай.Харин хүн үргэлж нэрнээсээ илүү байдаг.