Explains

Нэг зүйлээ төвлөрч хийх нь “цаг үрсэн” мэдрэгддэг болсны учир юу вэ?

Нэг зүйлээ төвлөрч хийх нь “цаг үрсэн” мэдрэгддэг болсны учир юу вэ?

Гар утсаа өөрөөсөө холдуулаад, зөвхөн нэг зүйлдээ төвлөрөхөөр шийдээд ширээнийхээ ард суулаа. Төд удалгүй хэдхэн минутын дараа тун тухгүй мэдрэмж төрж эхэллээ.

Ямар нэг чухал зүйлээ мартаад байгаа мэт, эсвэл юунаас ч юм бэ хоцроод байгаа юм шиг, хийж байгаа зүйл маань хэдий чухал зүйл мөн боловч нэг л цаг үрээд байгаа мэт гэмшилтэй санагдах болов.

Ингээд сууж байхын оронд энэ хугацаанд өөр “илүү хэрэгтэй” зүйлс хийх ёстой юм шиг.

Сонирхолтой нь бид үүнийг ихэвчлэн ‘анхаарал төвлөрөхгүй байна’ гэж тайлбарладаг ч үнэндээ асуудал нь үүнээс арай өөр байж болох юм.

‘Олон зүйлийг зэрэг хийх’ гэж бидний нэрлэдэг зүйл нь үнэндээ тархи маш хурдан нэг зүйлээс нөгөөд шилжиж байгаа үйл явц аж.

И-мэйл шалгах, чатанд хариулах, мэдэгдэл үзэх, дахин өөр цонх руу орох зэрэг олон жижиг шилжилтүүд нь тархинд ‘ямар нэг зүйл хийж байна’, ‘ажиллаж байна’ гэсэн мэдрэмжийг илүү амархан төрүүлдэг байна.

Харин нэг зүйлдээ удаан төвлөрөх үед эсрэгээрээ юу ч болж өрнөхгүй байгаа мэт санагдана.

Учир нь төвлөрөл бол маш чимээгүй процесс.

Нэг зүйл дээр гүн төвлөрч байгаа хүн гаднаас нь харахад бараг юу ч хийхгүй байгаа мэт харагдана.

Гэтэл олон цонх сольж, олон харилцан яриа дунд үсчиж, олон мэдэгдэл шалгаж байгаа хүн маш завгүй, идэвхтэй, бүтээмжтэй мэт мэдрэмж төрүүлдэг.

Бид тайван төвлөрлөөс илүү тасралтгүй хөдөлгөөнийг л “бүтээмж” гэж мэдэрдэг болжээ.

Гэтэл яг юу ч болж өрнөхгүй байгаа мэт санагдах тэр чимээгүй хугацаануудаас л хамгийн үнэ цэнтэй бодол, ур чадвар, бүтээлүүд төрдөг байж болох юм.

Харин одоо нэг зүйлдээ удаан төвлөрөх нь хүртэл амьдралаас хоцорч буй мэт мэдрэмж төрүүлэх болжээ.