"Надад юу тохиолдоод байна аа" буюу өвлийг дагаж ирдэг гуниг
"Өглөө нүдээ нээхэд харанхуй. Орой ажлаасаа тарахад ч бас харанхуй. Өдөр бараг байхгүй юм шиг. Амьдрал нэг л зогсчихсон юм шиг. Өвөл ер нь орноосоо бүр хэзээ ч босмооргүй, нэг хэсэг нь болоод тэндээ гацмаар."
"Гадаа цас орж байна, гэхдээ гоё биш. Энгийн үед гоё санагддаг байсан зүйлс одоо зүгээр л дуусахыг нь хүлээж буй өдрийн маань уйтгартай хэсэг."
"Би өвөл зүгээр л маш их ядардаг. Гэхдээ хэдэн хоногийн нойр дутуугаас болсон ядаргаа биш, зүгээр л амьдрах эрч хүч дутсан ядаргаа."
Энэ мэдрэмж зүгээр нэг "залхуурал" биш.
Өвлийн улиралд богиноссон өдрийн гэрэл бидний биологийн хэмнэлийг алдагдуулдаг. Нарны гэрэл багасахад серотонин ба мелатонин гэх хоёр дааврын тэнцвэр өөрчлөгддөг.
Тэгээд л бие ядраад, сэтгэл гуниглаад, юу ч хийх хүсэлгүй болчихдог ажээ.
Энэ бол "улирлын чанартай сэтгэлийн хямрал" гэж нэрлэгддэг байгалийн нөлөөтэй сэтгэлзүйн өөрчлөлт юм.
Өвлийн улиралд гэрэл бидэнд яагаад ийм их хэрэгтэй вэ?
Нарны гэрэл бидний "сэрүүн, идэвхтэй" горимыг асаадаг дохио юм.
Гэрэл дутагдахаар тархи "унтлагын горимд" орж, бидний анхаарал, сэтгэл санаа, энерги бүгд удааширдаг.
Тийм болохоор өвлийн улиралд амьдрал зогссон мэт санагдах нь үнэндээ бие махбодийн чинь хэмнэл гэрэлгүй орчинд зохицож чадахгүй байгаагийн шинж.
Бид бүгд тодорхой хэмжээнд улирлын шинжтэй сэтгэлийн хямралд өртдөг.
Бие, сэтгэл хоёр чинь улирлын өөрчлөлтөд хариу өгч байгаа нь зүгээр л байгалийн нэг хэмнэл юм. Төсөөлж байгаагаас чинь хамаагүй олон хүн энэ үеийг даван туулж байгаа.
Тиймээс энэ өөрчлөлт хэвийн гэдгийг санаарай.
Хэцүү санагдсан үедээ:
- Гэрэлтэй газар сууж, цонхны хөшгөө нээ;
- Гадуур алх, бага ч гэсэн хөдөл;
- Дотны хүмүүстэйгээ харилцаа холбоо үүсгэ;
- Өөртөө зөөлөн ханд, бүгдийг амжуулах албагүй;
Цас хайлж, өдөр уртасна.Өвлийн гуниг ч өнгөрнө.Өөртөө зөөлөн хандаарай.
Улирал солигдох бүрт амьдралын хэмнэл өөрчлөгддөг шиг чиний энерги ч бас аажмаар эргэн ирнэ.