Муур хэд насалдаг вэ?
Friends үзэж суутал нэг дүр нь нөгөөгөөсөө “Муур ер нь хэд насалдаг юм бол?” гэж асуув.
Тэр асуултыг сонсоод би өөрийн эрхгүй утсаа шүүрч авлаа. Одоо бол ийм асуултын хариуг мэдэхэд хэдхэн секунд хангалттай. Google-ээс эсвэл AI чатботоос асуухад л муур дунджаар хэд насалдаг, хамгийн урт насалсан муур хэд хүрсэн гээд хүссэн бүх хариултыг маань дорхноо гаргаад өгнө.
Гэхдээ тэр хэсэгт нэг сонин зүйл бодогдсон юм. Friends гарч байсан үед хүмүүс ийм асуулт асуучихаад хариуг нь мэдэхгүй хэвээр үлдэх нь ердийн зүйл байжээ. Хажууд байгаа хүн нь мэдэж байвал хэлнэ. Мэдэхгүй бол таамаглана. Эсвэл “Манай эмээгийн муур 17 хүрсэн шүү” гэх мэт өөрийн мэдэх зүйлээ ярина. Тэгээд яриа өөр сэдэв рүү орж, асуулт харин хариултгүй үлдэнэ. Магадгүй хэд хоногийн дараа номноос санамсаргүй олж уншина, эсвэл бүр хэзээ ч мэдэхгүй өнгөрнө.
Харин одоо бидний гайхаж сониучирхах болон хариултаа олох хоёрын хоорондын зай асар богино болсон.
Нэрийг нь мэдэхгүй дуу хэдэн өдөр толгойд эргэлдэх, кинон дээр харсан жүжигчнээ өмнө нь хаанаас харсан талаараа найзуудтайгаа удаан маргах, танихгүй үгийнхээ утгыг өгүүлбэрээс нь таах гэж оролдох зэрэг нь хэвийн байжээ.
Харин одоо эдгээрийн аль нь ч удаан үргэлжлэх шаардлагагүй болсон бөгөөд Shazam дууг таниад өгчихнө, Google жүжигчнийг олчихно, AI мэдэхгүй үгийг маань хэдхэн секундын дотор үндэс язгууртай нь тайлбарлаад өгнө.
Энэ бол маргаангүй хүн төрөлхтний хувьд гайхамшигтай ахиц.
Өмнө нь зөвхөн номын сан, их сургууль, тодорхой мэргэжлийн хүмүүс эсвэл боломжтой цөөн хүний хүрч чаддаг байсан асар их мэдлэг өнөөдөр бидний халаасанд багтаж, бид урьд өмнөхөөсөө хавьгүй ихийг мэдэх боломжтой болсон.
Харин мэдлэгийг олж авахад бараг ямар ч хүлээлт, эрэл хайгуул, хичээл зүтгэл шаардагдахаа больсон нь бидний мэдлэгтэй харьцах харилцааг өөрчилсөн болов уу.
Магадгүй сониуч зан гэдэг зөвхөн хариултыг мэдэх хүсэл биш, харин мэдэхгүй хэвээр хэсэг хугацаанд байж, “Яагаад юм бол?”, “Хэрвээ тийм байвал яах вэ?”, “Үнэхээр тийм гэж үү?” гэсэн асуултуудтайгаа хэсэг зуур хамт явах чадвар ч байж болох юм.
Учир нь хариулт олдохгүй байх тэр хугацаанд бид таамаглаж, мэддэг зүйлстэйгээ холбож, бусдаас асууж, маргаж, заримдаа буруу бодсоноо дахин эргэцүүлнэ. Бүр анх асуусан асуултаасаа огт өөр газар хүрэх үе ч бий.
Өөрөөр хэлбэл, хариултад хүрэх зам өөрөө мэдлэгийн нэг хэсэг байжээ.
Өнөөдрийн технологийн дэвшил үүнийг үгүй хийсэн гэх нь өрөөсгөл. Харин ч үнэхээр сониуч хүнд урьд өмнө байгаагүй их боломж өгч байна. Нэг асуултын араас дараагийн асуултаа тавина. Ойлгохгүй бол дахин тайлбарлуулна. Өөр өнцгөөс асууна.
Гэхдээ сониуч зан ямар ч хичээл зүтгэл шаардахаа больж байгаатай ч мөн маргах аргагүй.
Өмнө нь ямар нэг зүйлийг мэдэхийг хүсвэл тэр сэдэвтэй холбоотой номыг хайна, хүнээс асууна, хариу хүлээнэ, дахин хайна. Өөрөөр хэлбэл, мэдэхийг хүссэн зүйл бүртээ бид бага ч гэсэн үнэ төлдөг байсан. Цаг хугацаагаар, анхаарлаар, хичээл зүтгэлээр.
Харин одоо маш өчүүхэн сонирхол ч бүрэн хариулт авахад хангалттай.
Хомс байсан зүйл элбэг болохдоо заавал үнэ цэнээ алддаггүй.
Гэхдээ мэдлэгт хүрэх замд байсан хүлээлт, эрэл хайгуул, таамаглах, мэдэхгүй хэвээр байх тэр хугацаа бидний бодсоноос ч илүү үнэ цэнтэй байсан байж болох юм.
Яагаад гэвэл сониуч зан гэдэг хариулттай болсноор хэмжигддэг зүйл биш ч юм билүү?
Харин ямар нэг зүйлийг мэдэхгүй байгаагаа анзаарч, түүнийгээ гайхаж, хариултыг нь хүсэж эхлэх тэр хооронд л бид таамаглаж, холбож, эргэцүүлж эхэлдэг ажээ.
Friends-ийн дүрүүд муур хэд насалдгийг эцэст нь мэдсэн эсэхийг би санахгүй байна. Харин би бол утсаа шүүрч аваад хэдхэн секундын дотор хариултыг нь олоод мэдчихсэн.
Гэхдээ одоо бодоход тэр хариулт надад огт үлдээгүй. Муур дунджаар хэд насалдгийг би дахиад л хайж байж мэдэх байх.
Харин “Муур ер нь нээрээ хэд насалдаг юм бол?” гэж асууж суусан маань л намайг энэ бүхнийг эргэцүүлж, эцэст нь энэ бичвэрийг бичихэд хөтөлжээ.