Монголыг яг хэн хөгжүүлэх ёстой юм бэ?
Сүүлийн үед нэг төрлийн яриа их сонсогдох болов.
“Монгол ерөөсөө хөгжөөгүй байна.”“Хэдэн жил гадаадад байж байгаад ирлээ, юу ч өөрчлөгдөөгүй байна.”“Энэ улс ерөөсөө урагшлахгүй юм.”
Монголд шийдэх шаардлагатай асуудал цөөнгүй байгаа нь үнэн. Хот төлөвлөлтөөс эхлээд түгжрэл, агаарын бохирдол, төрийн үйлчилгээ хүртэл бидэнд шүүмжлэх зүйл цөөнгүй бий. Аливаа нийгэм өөрийгөө шүүмжилж, алдаа дутагдлаа ярьж байж л сайжирдаг.
Гэхдээ энэ бүх яриа хэвийн зүйл мэт давтагдсаар байх үед нэг асуулт орхигдоод байгаа мэт санагдана.
Монголыг яг хэн хөгжүүлэх ёстой юм бэ?
Бид улс орныг өөрөөсөө тусдаа зүйл мэтээр ойлгох нь олонтаа.
“Хот бохир байна.”“Хүмүүс соёлгүй байна.”“Монгол хөгжихгүй байна.”
Гэтэл хотыг хэн бохирдуулж байгаа юм бэ? Соёлыг хэн бүрдүүлж байгаа юм бэ? Улс орны хөгжлийг хэн бүтээдэг юм бэ?
Улс орон гэдэг бол зөвхөн төрийн ордон, яам агентлаг, улс төрчид биш. Улс орон гэдэг бол өглөө ажилдаа явж байгаа багш, эмч, инженер, жолооч, бизнес эрхлэгч, оюутан сурагч, эцэг эхчүүдийн нийлбэр юм.
Өөрөөр хэлбэл улс орон гэдэг ойлголтын дотор бид өөрсдөө багтдаг.
Мэдээж хэн ч улс орны бүх асуудлыг дангаараа шийдэх боломжгүй. Нэг иргэн дангаараа түгжрэлийг арилгаж чадахгүй. Нэг байгууллага дангаараа эдийн засгийг өсгөж чадахгүй.
Гэхдээ хөгжил гэдэг зүйл хэн нэгэн үл мэдэгдэх хүний бүтээдэг зүйл биш.
Сая сая хүний өдөр бүр гаргаж байгаа шийдвэр, хийж байгаа ажил, хүлээж байгаа хариуцлагын нийлбэр байдаг.
Хачирхалтай нь бид хүүхдүүддээ “хариуцлагатай бай”, “өөрийгөө хөгжүүл”, “ирээдүйгээ өөрөө бүтээ” гэж хэлдэг мөртлөө улс орны тухай ярихаараа “энэ улс бүтэхгүй” гэж хэлдэг.
Өөрөөр хэлбэл хувь хүний түвшинд хариуцлагыг дэмждэг хэрнээ нийгмийн түвшинд хариуцлагыг өөр хэн нэгэнд шилжүүлэх хандлагатай.
Магадгүй энэ нь бидний хамгийн том зөрчлүүдийн нэг байх.
Учир нь улс орны хөгжил гэдэг зөвхөн шүүмжлээд суух сэдэв биш. Оролцох ёстой сэдэв юм.
Шударга бус зүйл байвал шүүмжлэх хэрэгтэй.Бүтэхгүй байгаа бодлогыг хэлэх хэрэгтэй.
Гэхдээ үүний зэрэгцээ улс орны хөгжил гэдэг өөр хэн нэгний ажил мэтээр төсөөлж эхлэх тэр мөчид бид өөрсдийгөө үзэгчийн суудалд суулгачихдаг.
Тэр үед хөгжил гэдэг бидний бүтээх зүйл биш, бидэнд үзүүлэх ёстой үйлчилгээ мэт санагдаж эхэлнэ.
Улс орон хөгжсөн эсэхийг дүгнэх нь бидний эрх мөн боловч улс орноо хөгжүүлэх нь бидний ажил ч бас мөн юм.