Original

Монголд амьдрах нь яагаад ялагдал мэт санагддаг болов?

Монголд амьдрах нь яагаад ялагдал мэт санагддаг болов?

“Энд ирээдүй алга”“Явах хэрэгтэй”“Монголд юу ч бүтэхгүй”

гэх өгүүлбэрүүд сүүлийн жилүүдэд бидний дунд бараг хэвийн яриа болчихжээ. Гадагшаа явах тухай төлөвлөгөө нь хүсэл мөрөөдөл гэхээсээ илүү логик шийдвэр мэт сонсогдоно.

Эдгээр ярианууд ор үндэслэлгүй биш.Агаарын бохирдол бодит.Эдийн засгийн тогтворгүй байдал бодит.Авлига, системийн доголдол, эрүүл мэнд, боловсролын хүртээмжтэй байдлын доголдол ч бодитой.

Гэхдээ асуудал зөвхөн бодит нөхцөлд байгаа юу?

Яагаад Монголд үлдэх сонголт хийсэн хүн өөрийгөө ялагдсан мэт мэдэрч, харин гадагшаа явсан хүмүүс сугалаанд ялсан мэт санагддаг болчихов?

Хайр уу? Соёлын шилжилт үү?

1990-ээд оны тогтворгүй байдлыг туулсан үеийнхэн систем нурж болдгийг мэднэ.

Банк дампуурч болно.Цалин сар сараар хоцорч болно.Юмны үнэ өглөө өөр, орой өөр байж болно.

“Баталгаатай” мэт санагдсан бүх зүйл нэг шөнийн дотор алга болж болдгийг тэд биеэрээ мэдэрсэн. Тогтвортой орчин бол тэдний хувьд зүгээр нэг тав тух биш, аюулгүй байдлын баталгаа.

Тиймээс хүүхдүүддээ “гадаашаа яв”, “Монголд л биш бол болно” гэж хэлэх нь эх орноо голсондоо бус, харин савлагаа багатай орчинд амьдраасай гэсэн хүсэл буюу нэг ёсондоо хайр юм. Өөрсдийн мэдэрсэн тодорхойгүй байдлыг хүүхдүүддээ давтуулахгүй гэсэн энэ оролдлого нь нийгмээрээ туулсан трауманаасаа бид бүтэн үеэрээ бүрэн салаагүй байгаагийн илрэл байж болох юм.

Статус газарзүйтэй холбогдсон нь

Өмнө нь амжилтыг “юу сурсан”, “юу бүтээсэн”, “ямар хүн болсон” гэдгээр хэмждэг байсан. Харин сүүлийн жилүүдэд амжилтын тухай яриа газарзүйн өнгө аястай болжээ. “Гадагшаа гарсан.” “Тэнд ажиллаж байна.” “Тэнд амьдарч байна.”

Эдгээр мэдээлэл нь өөрөө амжилтын нотолгоо мэт сонсогдоно. CV дээр “гадаадад сурсан” гэдэг эхний мөрөнд бичигдэнэ. Харин “Монголд ажилладаг” гэдэг нь тайлбар шаардсан өгүүлбэр.

“Яагаад явдаггүй юм?” гэж асууна.“Яагаад явсан бэ?” гэсэн асуулт бараг шаардлагагүй мэт.

Эрсдэлийн эдийн засаг

Монголд амжилт гаргах орчин савлагаатай.Улс төрийн шийдвэрүүд гэнэт өөрчлөгдөнө.Хуулийн тайлбар тодорхой биш.Зах зээл жижиг, ирээдүйг таамаглахад хэцүү.

Ийм орчинд ахиц гаргах нь илүү удаан, илүү эрсдэлтэй. Харин тогтсон системтэй орчинд амжилтыг илүү тооцоолж болохуйц санагдана. Эрсдэл бага, дүрэм ойлгомжтой, бүтэц тогтвортой.

Ийм нөхцөлд Монголд үлдэх нь зориг гэхээсээ илүү эрсдэлтэй шийдвэр мэт харагдаж эхэлнэ.

Нийгмийн сүлжээний нөлөө

Нийгмийн сүлжээ энэ мэдрэмжийг улам баталгаажуулна. Утсаа нээхэд л илүү тогтвортой, илүү сайхан дэлхийн дүр зургууд биднийг угтана.

Гадаадад амжилт гаргасан түүх илүү олон. “Глобал” гэдэг үг автоматаар “илүү” гэсэн утга дагуулна. Харин жирийн, энгийн амьдрал тэр бүр харагддаггүй. Гадаадад гурван ажил зэрэг хийж байгаа, эсвэл ганцаардалттайгаа тэмцэж буй, энгийн дундаж амьдралаар амьдарч буй хүмүүсийн амьдрал харагдахгүй.

Гадагшаа явах нь зоригтой шийдвэр гэхээсээ илүү стандарт сонголт мэт ойлгогдож эхлэх үед уг туйлшралаажмаар хэвийн зүйл болж хувирна.

“Систем доголдолтой” гэдэг шүүмжлэл “энд юу ч боломжгүй” гэсэн нийгмийн итгэл үнэмшил, ерөнхий дүгнэлт болон тогтож буй нь уршигтай.

Амжилтыг “явснаар” хэмждэг болсон үед үлдэх нь ялагдал мэт харагдах нь гайхах зүйл биш.

Гэвч үлдэх сонголт үнэхээр ялагдал мөн үү?