Хөдөлмөр хүнийг гаршуулсан нь
“Хүн малыг гаршуулаагүй. Мал аж ахуй хүнийг гаршуулсан.”— Yuval Noah Harari
Хүн үхрийг, хонь, ямааг гаршуулсан тухай түүхийн номуудад тэмдэглэгдсэн байдаг. Үүнийг хүн төрөлхтний хамгийн чухал ололт, амжилтуудын нэг гэж үзэх нь элбэг.
Гэвч хөдөлмөр гэдэг зөвхөн бидний хийдэг зүйл биш ажээ.
Sapiens бүтээлд хүн малыг гаршуулсан биш, харин мал аж ахуй хүнийг өөрчилсөн тухай дурдсан байдаг. Амьд үлдэхийн тулд аж ахуй эрхлэх шаардлагатай тулгарсан хүн өөрийн амьдралыг тэр хөдөлмөрийн логикт тааруулж эхэлсэн.
Ингэснээр хүн өглөө бүр эрт босож, малыг тэжээж, усалж, хамгаалж, улирлыг тооцоолж, ирээдүйг төлөвлөж эхэлжээ.
Эхэндээ энэ бүхэн малд чиглэсэн мэт харагдана. Хүн өөрийн хэрэгцээнд нийцүүлэн амьтдыг удирдаж байгаа мэт.
Гэвч энэ хөдөлмөр удаан хугацаанд давтагдах тусам өөрчлөгдөж эхэлсэн зүйл нь мал биш, хүн өөрөө байв.
Ийнхүү хүн өөрийнхөө хэмнэлийг биш, хөдөлмөрийнхөө хэмнэлийг даган амьдарч эхэлсэн.
Үүнтэй хамт анхаарал хандуулах зүйлс нь өөрчлөгдөж, хүлээх, давтах, тэсэх гэх мэт зан чанарууд аажмаар бүрэлджээ.
Орчин цагт ч ялгаагүй бид өөр өөр төрлийн хөдөлмөр эрхэлж байгаа ч хөдөлмөрийн нөлөө өөрчлөгдөөгүй.
Хүн өдөр бүр юу хийж байна, ямар хэмнэлд ажиллаж, ямар шаардлагад нийцэж байна гэдгээсээ хамааран аажмаар өөрчлөгдөж эхэлдэг.
Нэг төрлийн хөдөлмөр хүнийг тэсвэртэй болгодог бол, нөгөө нь яарч сандарсан байдалд дасгадаг. Зарим хөдөлмөр удаан төвлөрөх чадварыг бий болгодог бол, зарим нь хурдан шийдвэр гаргах рефлексийг хөгжүүлдэг.
Ингэж хөдөлмөрийн хэлбэр бүхэн өөр өөр төрлийн хүнийг бий болгодог мэт.
Тиймээс хөдөлмөрийг зөвхөн “би юу хийж байна вэ” гэдгээр харахад хангалтгүй. Илүү чухал нь “энэ хөдөлмөр намайг ямар хүн болгож байна вэ” гэдгийг анзаарах явдал.
“Учир нь эцэстээ бидний хийсэн зүйлсээс илүү бид өөрсдөө ямар хүн болж үлдэж байгаа нь чухал байж болох юм.”