Explains

Хамгийн улиг болсон зөвлөгөөг тайлбарлах нь: "Юмсыг өөртөө битгий тусгаж ав"

Хамгийн улиг болсон зөвлөгөөг тайлбарлах нь: "Юмсыг өөртөө битгий тусгаж ав"

Тэр надтай мэндлээгүй.Тэр над руу хариу бичээгүй.Тэр надад худлаа хэлсэн.Тэр яагаад над руу хашхираад байгаа юм бол?Тэд надтай уулзахаа цуцалсан.

Одоо өөртэйгөө холбоотой үгнүүдийг хасаад бодитоор хараад үзье.

Тэр мэндлээгүй.Тэр хариу бичээгүй.Тэр худлаа хэлсэн.Тэр яагаад хашхираад байгаа юм бол?Тэр уулзахаа цуцалсан.

Эндээс харахад бид ихэвчлэн болж байгаа бүхний төвд өөрийгөө тавьж, өөрсдийгөө бусдын хийсэн үйлдлийн гол шалтгаан гэж автоматаар үздэг.

Гэтэл ийм дүгнэлт нь ихэнх тохиолдолд бодит байдалтай огт нийцдэггүй.

Өөрийгөө тухайн үйл явдлын голд тавьж харахаа болих үед бусдын хийсэн зүйл зүгээр л тэр хүний өөрийнх нь сонголт, зан төлөв байдал, учир шалтгаан гэдгээрээ харагдаж эхэлдэг.

Заавал өөртэйгөө холбоотой дүгнэлт хийх хэрэггүй гэдгийг ойлгоно. Гаргасан үйлдэл нь хэвээр үлдэх хэдий ч түүний утга, шалтгаан, ач холбогдол нь автоматаар бидэнтэй холбогдохоо больдог.

Уг харах өнцгөөс бид хоёр зүйлийг ойлгож авах боломжтой.

Нэгдүгээрт, хэн нэгэн мэндлээгүй, хариу бичээгүй, эсвэл хурц өнгөөр ярьсан үед бид ихэвчлэн "би ямар нэг зүйл буруу хийсэн байх", "би хангалтгүй санагдсан байх", "энэ хүн надад дургүй юм болов уу" гэх мэтээр өөрсдийгөө гол шалтгаан нь гэж боддог.

Гэхдээ бодит байдал дээр хүмүүсийн гаргаж буй зан авир нь ихэнхдээ бидний талаар бус, тухайн хүний өөрийн нөхцөл байдал, бодол санаа, сэтгэлзүйн төлөв, хувийн асуудалтай холбоотой байдаг.

Өөрөөр хэлбэл, бусад хүмүүсийн хийж буй үйлдэл нь бидний талаарх дүгнэлт биш, харин тэдний өөрсдийн дотоод ертөнцийн тусгал байдаг.

Хоёрдугаарт, бусдын зан авир бидэнтэй холбоогүй гэдгийг хүлээн зөвшөөрөх үед бид нөхцөл байдлыг илүү бодитоор харж эхэлдэг.

"Энэ хүн яагаад надад ингэж хандсан юм бол?" гэж өөрийгөө төвд нь тавьж бодохын оронд "Энэ хүний ийм үйлдлийн ард ямар шалтгаан байж болох вэ?" гэх илүү бодитой, өргөн хүрээний асуулт руу шилжинэ.

Энэ нь тэдний буруу үйлдлийг зөвтгөх гэсэн санаа биш. Харин тухайн хүний хийсэн үйлдлийг шууд өөртэйгөө холбоотой гэж яаран дүгнэхгүй, тэдний жинхэнэ нөхцөл байдлыг сонирхож, олж харж чадна гэсэн үг.

Ядаргаа, бухимдал, завгүй байдал, стресс гэх мэт бидний мэдэхгүй олон хүчин зүйл тэдний үйлдлийн ард байж болно. Нэг ёсондоо болж буй зүйлийг өөрийн тухай түүх болгож тайлбарлахаа болих юм.

Бусдын зан авир = тэдний тухай.Бидний хариу үйлдэл = бидний тухай.

Юмсыг өөртөө хэт тусгаж авахаа больчихвол нөхцөл байдлыг бодитоор харах боломж нээгддэг.

Бид бусдыг хянаж чадахгүй, харин юмсыг хэрхэн ойлгож, хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ сонгож чадна.