Original

Чшшш... Би гайхмаар байна.

Чшшш... Би гайхмаар байна.

Эйфелийн цамхагийг анх удаа харсан хүн өнөөдөр үнэхээр анх удаа харж байна гэж хэлж болох уу?

Бидний ихэнх нь шинэ газар руу аялахаасаа өмнө түүнийг хэдэн зуун удаа аль хэдийнээ харчихсан байдаг. TikTok, Instagram, YouTube, аяллын влог, ‘Колоссей хараад нулимсаа барьж чадаагүй уйлсан’, ‘Сакура цэцэглэхийг харах үнэхээр үлгэрийн юм аа’, ‘Нью-Йоркийн метроноос буугаад яг л киноны гол дүр болчихсон юм шиг санагдсан’… гэх мэт тоолж барамгүй олон контент тухайн газрын талаар мэдээлэл төдийгүй, ямар мэдрэмж төрөх ёстойг хүртэл бидэнд урьдчилан хэлээд өгчихдөг.

Гэтэл аялал гэдэг үргэлж шинэ зүйлтэй учрах тухай байсан.

Шинэ хот, шинэ үнэр, шинэ дуу чимээ, шинэ гудамж, шинэ мэдрэмж. Харин одоо шинэ газар очихоосоо өмнө тэр газрын хамгийн үзэсгэлэнтэй булан, хамгийн алдартай кофе шоп, хамгийн зөв зураг авах байрлал, хамгийн их хүлээлт үүсгэдэг дүр төрхийг аль хэдийн мэддэг болоод очдог.

Мэдээж энэ бүхэн аяллыг илүү хялбар болгосон гэдэгтэй маргахын аргагүй. Хаана хооллох, хаагуур алхах, юунаас болгоомжлохоо урьдчилан мэддэг болсон нь олон талаар давуу талтай. Магадгүй бид өмнөх үеийн аялагчдаас хамаагүй илүү мэдээлэлтэй болсон байх.

Гэхдээ хэт их урьдчилсан мэдээлэл биднээс ямар нэгэн зүйлийг булааж байгаа юм биш биз?

Бид аяллын олон контент хүлээж авахдаа зөвхөн газрыг нь үзээд зогсохгүй, хүмүүс тухайн газарт юу мэдэрснийг нь, ямар сэтгэгдэл төрснийг нь ч хамт үздэг.

Амьдралдаа заавал үзэх ёстой, зурганаас хэд дахин гоё, надад нэг их таалагдаагүй, төсөөлснөөс дор байлаа гэх мэт мянга мянган хүний сэтгэгдлийг бид өөрсдөө очихоосоо өмнө аль хэдийн сонсчихсон байдаг.

Тэгэхээр бид тухайн газрыг өөрийн нүдээр харж эхлэхээсээ өмнө бусдын нүдээр хараад эхэлчихсэн байдаг гэсэн үг.

Хүний тархи хүлээлтээрээ бодит туршлагаа тайлбарлах хандлагатай. Хэрэв бидэнд “энэ газар үнэхээр үзэсгэлэнтэй” гэж олон удаа давтаж хэлбэл тэр гоо үзэсгэлэнг хайж эхэлнэ.

Харин “хүлээлтэд хүрсэнгүй” гэж олон удаа сонсвол урам хугарах шалтгааныг илүү хурдан анзаарна. Өөрөөр хэлбэл бидний мэдрэмж цэвэр хоосон цаасан дээр бичигддэггүй, харин аль хэдийн зурчихсан ноорог дээр үргэлжилдэг.

Энэ үзэгдэл зөвхөн аяллаар зогсохгүй.

Шинэ ресторан орохоосоо өмнө бид сэтгэгдэл уншина, кино үзэхээсээ өмнө үнэлгээг нь шалгана, ном эхлүүлэхээсээ өмнө бусад хүмүүсийн бичвэрийг хардаг. Заримдаа бид анхны сэтгэгдэл, мэдрэмж авах боломжоо өөрсдөө бусдад түрүүлээд өгчихдөг юм шиг санагдах боллоо.

Мэдээж интернет бидэнд урьд өмнө байгаагүй их мэдээлэл, боломжийг өгсөн. Магадгүй олон хүн TikTok дээрх тэр бичлэгийг үзээгүй бол хэзээ ч тэр хотод очихыг хүсэхгүй байсан байх.

Асуудал нь мэдээлэлдээ биш, харин хүлээж авч буй мэдээлэл маань бидний туршлагыг урьдчилан бичиж эхлэх мөчид байдаг болов уу.

Аяллын хамгийн үнэ цэнтэй зүйл нь магадгүй очсон газартаа биш, харин өөрөө гайхах боломждоо байдаг байх. Ямар нэгэн газрыг бусдын адил мэдрэх албагүй. Зарим алдартай газар сэтгэл хөдөлгөхгүй байж болно.

Харин газрын зураг дээр ч тэмдэглэгдээгүй жижигхэн гудамж, санамсаргүй орсон номын дэлгүүр эсвэл танихгүй хэн нэгэнтэй өрнүүлсэн яриа бүх аяллын хамгийн дурсамжтай мөч болж үлдэх ч боломжтой.

Тэр мөчүүд ихэвчлэн алгоритмын санал болгосон жагсаалтад байдаггүй.

Тийм болохоор дараагийн удаа шинэ газар очихдоо нэг зүйлийг өөртөө сануулахыг хүсэж байна. Очихоосоо өмнө тэр газрын талаар бүгдийг мэдэхгүй байсан ч болно. Зөв өнцгийг олохгүй байсан ч болно. Хүн бүрийн адил мэдрэхгүй байсан ч болно.

Зарим туршлагыг анх удаа, үнэхээр анх удаа мэдрэх боломжийг өөртөө үлдээе.

Чшшш...Би гайхмаар байна.