Explains

Бид юу ч хийгээгүй үедээ хамгийн урам зоригтой байдаг.

Бид юу ч хийгээгүй үедээ хамгийн урам зоригтой байдаг.

Бид аливааг эхлүүлэхээсээ өмнө асар их урам зоригтой, дүрэлзсэн хүсэл тэмүүлэлтэй байдаг. Шинэ ажил эхлэх, биеэ хөгжүүлэх, хэл сурах, эсвэл зүгээр л амьдралаа “шинээр эхлүүлнэ” гэж шийдэх тэр мөчид бүх зүйл боломжтой мэт санагдана.

Гэтэл тухайн зүйлээ яг бодитоор хийж эхлэх үед тэр их урам зориг хамгийн түрүүнд алга болчихдог.

Учир нь эхлэхийн өмнө бүх зүйл төсөөлөл байдаг.

Бодит үйлдэл хийж эхлээгүй байхдаа бид өөрсдийгөө барианд орж байгаагаар, медаль зүүж байгаагаар, бусдын алга ташилт дунд байгаагаар төсөөлөөд амжина.

Төсөөлөл дунд бүх зүйл төгс. Аль хэдийн хүсэж буй зүйлдээ хүрчихсэн мэт. Хүрэх зам нь ямар ч бэрхшээлгүй мэт, гялтганасан зураг болж харагдана. Хийх гэж буй зүйл илүү цэгцтэй, илүү амархан. Үр дүн нь тодорхой, зам нь шулуун.

Бараг л зорилгодоо хүрсэн тэр мөчийн агаараар амьсгалж байгаа мэт тийм хүчтэй, тийм тод төсөөлнө.

Харин хийж эхлэх үед энэ бүх дүр зураг өөрчлөгдөнө. Төсөөлөл бодит байдлаар солигдож, өмнө нь харагдаж байсан тодорхой байдал аажмаар сарниж эхэлдэг.

Ажил бодсоноос удаан явж эхэлнэ. Алдаа гарна, асуудал тулгарна. Бодит байдал төсөөллөөс тэс өөр байна. Зарим хэсэг нь ойлгомжгүй, зарим нь бүр утгагүй мэт санагдана.

Тэр үед бид “урам зориг алга болчихлоо” гэж боддог.

Гэхдээ үнэндээ алга болж байгаа зүйл нь урам зориг биш. Харин бид өөрсдийнхөө бодит чадвар, бодит хязгаартай нүүр тулж байгаа нь юм.

Анзаараад үзвэл урам зориг хамгийн хүчтэй байдаг үе нь ихэнхдээ эхлэхээс өмнө байдаг.

Эхлэхээс өмнө бид зөвхөн хийсвэр үр дүнг харж байсан бол эхэлсний дараа ханцуйгаа шамлаад бодит үйлдэл хийх шаардлагатай болдог.

Харин бодит байдал ихэнхдээ сонирхолтой биш, бодож төсөөлөх шиг хялбар биш, хурдан биш, тодорхой ч биш.

Тиймээс мотиваци тэнд удаан тогтдоггүй.

Урам зориг бол эхлэхийн өмнөх мэдрэмж.Харин эхэлсний дараа хэрэгтэй болдог зүйл нь өөр.

Хийхийг хүсэх мэдрэмж биш, хийсээр байх шийдвэр.

Урам зоригтой үедээ аливааг эхлэх амархан. Харин үргэлжлүүлж байгаа нь ихэнхдээ өөр зүйл байдаг.