Амьдралыг мэдэрч, туршихыг гол зорилгоо болгосон үед алдаа, бүтэлгүйтэл гэж үгүй. Бүх зүйл өсөлт. Бүх зүйл ялалт.
Амжилтыг бид уламжлалт ойлголтоор зөвхөн хүрсэн үр дүн, биелсэн зорилгоор л төсөөлсөөр иржээ. Бүх үнэ цэнийг эцсийн цэгт төвлөрүүлсэн энэ харах өнцөг нь биднийг замдаа мэдрэх олон сайхан зүйлээс холдуулж, утга учир гээч зүйлийг өөрийнхөө амьдралаас бус, өөр хаа нэгэн газраас хайхад хүргэдэг.
Харин амьдралынхаа жинхэнэ зорилгыг турших, мэдрэх, суралцах гэж тодорхойлсон хүн амжилтыг тэс өөр өнцгөөс харж эхэлдэг.
Учир нь амьдрал бол зорилгын биш, туршлагын талбар билээ.
Бид оролдож, суралцаж, шархалж, эдгэрч, унаж, босож, амьдралтайгаа хамт байнгын хөдөлгөөнд оршдог. Эдгээр мөч бүрийг "алдаа", "уналт" гэж шүүн дүгнэхийн оронд амьдралын өөр нэгэн илэрхийлэл гэж хүлээн авах нь илүү үнэн байдаг.
"Миний зорилго бол үүнийг мэдрэх, турших" гэж харах үед бидний тээж явсан дарамт багасч, тохиож буй бүхэн утгатай мэт санагдаж эхэлдэг. Өсөн өөрчлөгдөх процесс маань өөрөө үнэ цэн болдог.
Тэгвэл энэ харах өнцөг биднийг яаж өөрчилдөг вэ?
Өөрийгөө шүүх дуу хоолой намддаг.
Амьдралыг туршлагын талбар гэж харж эхлэх үед "Би хангалттай биш", "Би буруу сонголт хийсэн, одоо өөрчлөх боломжгүй" гэх мэт дотоод шүүмжлэл намждаг. Учир нь турших нь өөрөө зорилго учраас:
- Шийдвэрүүдээ зөв буруу гэж ангилах хэрэггүй.
- Өөрийгөө зэмлэх шаардлагагүй.
- Өөрийгөө хэнд ч юм батлах гэж хүчлэхээ больдог.
Энэ үед бид өөрийнхөө эсрэг биш, өөрийнхөө талд зогсож эхэлдэг.
Оршихуй, одоо цагийн мэдрэмж нэмэгддэг.
Турших нь зорилго болсон үед хүн амьдралын хурдтай өрсөлдөхөө болж, харин амьдралтайгаа хэмнэлийн хувьд нийлэх чадвартай болдог.
Ингэснээр:
- Яарах нь багасч, одоог илүү гүн мэдэрнэ;
- Юу ч тохиолдож байсан уужуу тайван оршихуйн мэдрэмж төрдөг.
Юмсыг илүү хурдан тавьж явуулж, өөрийгөө ч, бусдыг ч уучилж сурна.
Амьдралыг туршлагын талбар гэж харж эхлэх үед хүн өнгөрсөнтэйгээ зууралдах нь багасдаг. Өнгөрсөнтэйгээ тэмцэх шалтгаан алга болоход өөрийгөө ч, бусдыг ч уучлах нь илүү хөнгөн, энгийн санагдаж, урагш илүү амар тайвнаар алхаж чаддаг.
Өөрийгөө "засах" бус, өөрийгөө "таньж мэдэх" амьдрал эхэлдэг.
Энэ бол хамгийн том өөрчлөлт юм. Өөрийгөө өөрчлөх, төгс болгохын төлөөх өөртөө дайсагнасан тэмцлээ аажмаар орхиж, мөн чанараа сонсож, зан чанараа ажиглаж, дотоод аяллаа хүндэтгэж эхэлнэ.
Энэ үед бид өөртэйгөө хийх дайнаас чөлөөлөгддөг.
Амьдрал дайны талбар биш ээ, хонгор минь.
Хоёулаа энэ амьдралыг жаргаж туулахын тулд амьдралыг оноо тооцдог тоглоом биш, харин замдаа мэдэрч буй бүхний нийлбэр гэдгийг ойлгож байхад л хангалттай.