Аав ээждээ хичээл заах бидний ээлж ирлээ!
Биднийг бага байхад аав ээж маань “танихгүй хүний үгэнд битгий итгээрэй” гэж захидаг байсан. Хэнд итгэх вэ, юунаас болгоомжлох вэ гэдгийг байнга сануулж, хамгаалж өсгөжээ.
Харин одоо аав ээждээ юунд итгэж болохгүй вэ гэдгийг тайлбарлаж, ойлгуулах бидний ээлж ирсэн мэт санагдана.
Бидний аав ээжийн үеийнхэн мэдээ мэдээллийг цөөн бөгөөд төвлөрсөн эх сурвалжаас авдаг байжээ.
Телевизээр эсвэл сонин, сэтгүүлээр гарсан зүйл бол шалгагдсан, хяналттай, тодорхой хэмжээнд үнэн гэж үзэхэд буруудахгүй.
Харин одоо мэдээлэл хэтэрхий их болсон. Сошиал медиа платформуудаар дамжуулан бид өдөр бүр тоо томшгүй олон мэдээлэлд өртөж, тэр дунд зөв, буруу, санаатай, санамсаргүй, өөр өөр ашиг сонирхолтой, зарим нь зориудаар төөрөгдүүлэх зорилготой худал мэдээллүүд зэрэгцэн оршиж байна.
Facebook дээрх “эмч зөвлөж байна” гэсэн бичлэг, танил хүний share хийсэн пост, эсвэл хиймэл оюун ухаанаар бүтээсэн бодит мэт зураг зэрэг нь тэдний нүдэнд үнэн мэт харагдах нь гайхах зүйл биш.
Учир нь тэд мэдээллийг эх сурвалжаар нь биш, “хэн нэгэн хүнээс ирж байна” гэсэн мэдрэмжээр хүлээж авдаг.
Өөрөөр хэлбэл, сошиал дээр тавигдсан л бол үнэн байж таарна гэсэн өмнөх цаг үеийн сэтгэлгээ бүрэн арилж амжаагүй хэвээр байна.
“Энийг уугаад даралт шууд буурдаг гэнэ” гэж аав ээж маань итгэлтэйгээр хэлэхэд бид өөрсдөө ч мэдэлгүй хурц шүүмжлэл хэлнэ, эсвэл тэр тухгүй яриаг эхлүүлэхээс зайлсхийж чимээгүй өнгөрдөг.
Гэтэл үнэндээ энэ нь тэдний буруу гэхээс илүү, амьдарч ирсэн мэдээллийн орчин нь огцом өөрчлөгдсөнтэй холбоотой хариу үйлдэл юм. Тиймээс аав ээж, эмээ өвөөгөө “хоцрогдсон” гэж нэрлээд орхихын оронд үүнийг бидний өмнө ирсэн шинэ үүрэг гэж хүлээж авах нь илүү чухал санагдана.
“Өмнө нь биднийг хамгаалж, юунаас болгоомжлох вэ гэдгийг зааж өгч байсан хүмүүсийг одоо бид өөр нэг төрлийн эрсдэлээс хамгаалах хэрэгтэй болж байна.”
Учир нь буруу мэдээлэлд итгэх нь бодит үр дагавартай.
Эрүүл мэндийн буруу зөвлөгөө дагах, санхүүгийн луйварт өртөх, эсвэл худал зүйлд итгэснээс болж айдаст автах, сэтгэл санаагаар унах гээд эдгээр нь бүгд бодит эрсдэл.
Тиймээс энэ тухай ярихгүй өнгөрч болохгүй. Гэхдээ энэ нь “битгий итгэ” гэж шууд хориглох биш, харин “яаж итгэх вэ” гэдгийг дахин тодорхойлоход нь туслах явдал юм.
Жишээлбэл, аливаа мэдээллийг шууд няцаахын оронд энгийн асуултууд асууж эхэлж болно.
Энэ мэдээлэл хаанаас гарсан юм бол, өөр эх сурвалжууд юу гэж байна, энэ хүн үнэхээр мэргэжлийн хүн үү, энэ зураг хиймэл гэдгийг яаж ялгаж харж болох вэ гэх мэт асуултууд нь тухайн мэдээллийг шууд хүлээж авах биш, түр азнаж бодох орон зайг нээж өгдөг.
Заримдаа зүгээр л хамт сууж, нэг бичлэгийг хамтдаа үзээд ярилцахад хангалттай.
Яагаад энэ нь үнэн мэт санагдаж байна вэ, яг аль хэсэг нь эргэлзээ төрүүлж байна вэ гэдгийг хамтдаа задлах нь тэдэнд шүүмжлэгдэж байгаа бус, ойлгогдож байгаа мэдрэмж төрүүлнэ.
Мөн энэ бүхэнд хамгийн их хэрэгтэй зүйл нь тэвчээр байх. Учир нь ийм дадал нэг удаагийн урт хичээлээр бий болохгүй, харин өдөр тутмын жижиг яриа, асуултуудын дунд аажмаар бүрэлдэнэ.
Эцэст нь энэ бүхнийг “хичээл зааж байна” гэж нэрлэх нь ч оновчтой биш байж болох юм.
Харин биднийг өсгөсөн хүмүүсийг шинэ орчинд дасан зохицоход нь дагуулж явах, хамтдаа суралцах нэг процесс гэж харах нь илүү ойр санагдана.