> ## Content Index
> Fetch the complete content index at: https://paper-and-tonic.ghost.io/llms.txt
> Use this file to discover other available public pages before exploring further.

# Зан чанар зээлэхээ больсон нь
- URL: https://paper-and-tonic.ghost.io/zan-chanar-zeelekhee-bolson-n/
- Published: 2026-08-17T11:40:25.000Z
- Updated: 2026-08-17T11:40:25.000Z
- Author: Paper & Tonic
- Tags: Signature

Би өглөө нүдээ нээмэгцээ л бусад хүмүүс өглөөний цайндаа юу уусныг, өнөөдөр юу өмссөнийг, ямар нэг сэдвийн талаар юу гэж бодож байгааг нь харсаар, уншсаар нэг мэдэхэд **өөрийнхөө талаар төдийлөн мэдэхээ больсон байв.**

Аливаа зүйлийн талаар миний өөрийн бодол түрүүлж төрөхөө больж, харин аль хэдийн өөр хэн нэгний хэлсэн үзэл бодол санаанд орно.

Зүгээр л мэдээлэл гэж боддог байсан ч үнэндээ өдөр бүр хүлээж авч буй тэдгээр элдэв **ятгалгууд** надад анзаарагдахгүйгээр шингэж, аажмаар миний зан чанар болж эхэлсэн байв.

Энэ байдал үргэлжлэх тусам нэг мэдэхэд би юунд дуртайгаа, амьдралынхаа аль хэсгээс юу мэдэрдгийг санахгүй байлаа.

**Гэрээсээ гарахдаа түлхүүрээ мартаад гарчихдаг шиг зүгээр л мартчихсан байв.**

Өөрийнхөө хоёр хоногийн өмнө юу хийснийг санах сөхөөгүй атлаа бусдын амьдралд юу болж байгааг маш идэвхтэйгээр үзээд л байлаа, үзээд л байлаа.

Ингэх тусам өөрийн минь амьдрал онцгой зүйлгүй, хүлээх юмгүй, тайлбарлахад ч сонирхолгүй зүйл шиг санагддаг болов. Би амьдарч байгаагаасаа илүү, бусдын амьдралыг ажиглаж өнгөрөөж байлаа.

Түүгээр зогссонгүй. Бусдын амьдралыг үзэж харах тусам өөрийн минь амьдрал **тэвчихийн аргагүй үзэн ядмаар** санагдаж эхлэв шүү.

Тэгээд би зарим зүйлсийг зүгээр л бусдад харагдах гэж хийдэг болсноо ч анзаарав. Өөртөө цаг гаргадаг хүн шиг харагдахын тулд өөртөө цаг гаргаж, эрүүл амьдардаг хүн шиг харагдахын тулд дасгал хийж, завгүй амьдарч байгаа мэт харагдахын тулд өөрийгөө ядраадаг болсон байв.

**Гэхдээ тэр бүхний дараа үлдэх мэдрэмж нь хоосон.Үнэхээр өөртөө цаг гаргасан сайхан мэдрэмж төрөхгүй.**

**“Миний амьдрал өөрт минь үнэхээр сайхан мэдрэгдэхээс илүү ‘сайхан байгаа юм шиг бусдад харагдах’ нь илүү чухал болж хувирсан байлаа.”**

Тэгээд би хэн ч намайг харж байгаа биш бол би үнэхээр ямар сонголт хийх вэ гэдгийг бодож шийдвэр гаргаж эхлэв.

**Зөвхөн өөртөө зориулж зураг болов.**

Эрүүл амьдардаг хүн гэж өөрийгөө тунхаглах гэж өглөө босч дасгал хийхээ больж, үнэхээр эрүүл байхын тулд л биеэ хөдөлгөдөг болов.

Бусдад тунхагламаар зүйлс тохиолдсон ч амьдралынхаа дурсамжуудыг, даван туулж байгаа үйл явдлуудыг өөртөө үлдээж байхаар шийдэв.

**Ийнхүү би минийх биш зүйл надтай удаан үлдэхгүйг ойлгож, бусдаас зан чанар зээлэхээ болихоор шийдсэн билээ.**