> ## Content Index
> Fetch the complete content index at: https://paper-and-tonic.ghost.io/llms.txt
> Use this file to discover other available public pages before exploring further.

# Туйлшралд татагдахын учир
- URL: https://paper-and-tonic.ghost.io/tuilshrald-tatagdakhyn-uchir/
- Published: 2026-08-17T11:23:17.000Z
- Updated: 2026-08-17T11:23:17.000Z
- Author: Paper & Tonic
- Tags: Explains

**Зарим хүмүүс бүх зүйлийн талаар хэтэрхий тодорхой ярьдаг.**

Яг юу зөв, юу буруу вэ, хэний зөв вэ, хэний буруу вэ. Юунд уурлах ёстой вэ, юуг үзэн ядах ёстой вэ. Бүх зүйлд маш хурдан, маш итгэлтэй хариулт өгч чаддаг хүмүүс үргэлж бусдын анхаарлыг татдаг.

Магадгүй энэ шалтгаанаар сошиал медиа дээр хамгийн их хандалт авдаг агуулгууд хүртэл ихэвчлэн нэг ижил шинжтэй байдаг.

Тэд төвийг сахидаггүй. Эргэлздэггүй. Олон талаас нь харахыг оролддоггүй. Харин бүх зүйлийг маш тодорхой, маш итгэлтэй, заримдаа бүр туйлын үнэн мэтээр илэрхийлнэ.

## **Туйлшрал итгэл үнэмшил төрүүлдэг.**

Эргэлзээгүй ярьж байгаа хүн үнэнийг мэддэг мэт харагддаг.

Харин бодит амьдрал дээр хамгийн төвөгтэй, хамгийн чухал асуудлууд ихэвчлэн тийм энгийн байдаггүй. Хүн, нийгэм, харилцаа, улс төр, хайр, амжилт, ёс суртахуун гээд амьдралын хамгийн том сэдвүүд цэвэр хар эсвэл цагаан байдлаар оршдоггүй.

Гэвч бидний тархи тодорхой, ойлгомжтой хариултыг илүү тайван хүлээж авдаг. Туйлшралын хамгийн аюултай тал нь худал байгаадаа биш, харин үнэн мэт сонсогддогтоо байж болох юм.

## **Туйлшрал хялбар хариулт өгдөг.**

Туйлширсан үзэл бодол биднээс тийм ч их зүйл шаарддаггүй. Өөрийн бодож байгаа зүйлдээ эргэлзэх, өөр өнцгөөс харахыг оролдох, өөрийн байр сууриа дахин шалгах нь оюуны хувьд энерги шаардана. Харин хэн нэгний маш итгэлтэйгээр хэлж буй дүгнэлтийг шууд өөрийн үзэл бодол болгох нь хамаагүй амархан.

Бодох шаардлагагүй.Эргэлзэх шаардлагагүй.Дахин нягтлах шаардлагагүй.

Заримдаа хүмүүс үнэнийг дагадаггүй. Харин хамгийн итгэлтэй сонсогдож буй хүнийг дагадаг.

## **Туйлшрал тайвшруулдаг.**

Тодорхойгүй байдал хүнийг түгшээдэг. Бүх зүйл олон талтай, бүрэн зөв хариултгүй байж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх нь амаргүй. Харин туйлширсан үзэл бүх зүйлийг ойлгомжтой болгож өгдөг. Хэн нь зөв, хэн нь буруу вэ. Хэн нь сайн, хэн нь муу вэ. Яг юунд уурлах ёстой вэ. Яг юуг үзэн ядах ёстой вэ.

Бүх зүйл гэнэт маш энгийн болчихдог. Тиймээс туйлшрал заримдаа логикоос илүү сэтгэлзүйн хэрэгцээг хангаж байдаг аж.

## **Туйлшрал харьяалал мэдрүүлдэг.**

Туйлширсан үзэл бодлууд хүмүүсийг зөвхөн тодорхой сэдвийн хүрээнд санал нийлж буй хүмүүс болгодоггүй. Харин “нэг тал” болгодог. Яг хэний талд байгаагаа мэддэг байх нь хүмүүст хамааралтай байгаа мэдрэмж өгнө. Хэнтэй санал нийлэх вэ, хэнийг эсэргүүцэх вэ. Хэн манай талын хүн бэ, хэн нөгөө талын хүн бэ.

Магадгүй энэ шалтгаанаар туйлширсан орчинд хүмүүс үзэл бодолдоо илүү хүчтэй уягддаг байх. Учир нь тухайн байр суурь нь зүгээр нэг санаа байхаа больж, өөрийнх нь харьяалагдаж буй талын нэг хэсэг болж хувирдаг.

Магадгүй туйлшралын хамгийн хүчтэй шинж чанар нь хүмүүст үргэлж зөв байх мэдрэмж өгөхдөө биш юм. Харин ганцаараа биш гэсэн мэдрэмж өгдөгтөө байдаг байж болох юм.

**Магадгүй эдгээр шалтгаанаар бодит амьдрал дээр ч, сошиал орчинд ч хамгийн чанга ярьдаг хүмүүс хамгийн их анхаарал татдаг байх.**

Учир нь алгоритмууд эргэлзээг биш, хүчтэй эмоцийг түгээдэг.

‘Магадгүй’ гэж эхэлсэн өгүүлбэрүүдээс илүү ‘Яг үнэн нь...’ гэж эхэлсэн өгүүлбэрүүд илүү хурдан тархдаг.

Гэтэл амьдралын хамгийн үнэ цэнтэй дүгнэлтүүд ихэвчлэн туйлшралын дунд биш, эргэлзээн дундаас төрдөг билээ.

Оюуны төлөвшил гэдэг нь бүх зүйлд шууд хариулттай болохыг биш, бүх зүйл тийм ч энгийн биш байж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрч сурахыг хэлдэг ч байж болох юм.