> ## Content Index
> Fetch the complete content index at: https://paper-and-tonic.ghost.io/llms.txt
> Use this file to discover other available public pages before exploring further.

# Тахалд өртсөн нь
- URL: https://paper-and-tonic.ghost.io/takhald-ortson-n/
- Published: 2026-08-17T12:06:58.000Z
- Updated: 2026-08-17T12:06:58.000Z
- Author: Paper & Tonic
- Tags: Signature

... Би насанд хүрээд, том болоод бүх зүйл аяндаа ойлгомжтой болчих байх гэж итгэдэг байв. Нэг л өглөө сэрэхэд бүх асуултын хариултыг олчихсон, амьдралын зүг чиг тодорхой болчихсон байх юм шиг санагддаг байлаа.

Гэтэл яг насанд хүрэх тэр мөчөөс эхлээд би нэгэн хачирхалтай, зовуурьтай тахалд өртсөн юм. Үүнээсээ салахын тулд би олон зүйл оролдож үзэв. Өөрийгөө таних ном уншина, өөрийгөө хөгжүүлэх агуулга хайна, шинэ орчинд орж үзнэ, өөр хүн болох гэж хичээнэ. **Гэвч толгой дотор “оршихуйн асуултууд” тасралтгүй эргэлдсээр.**

**“Тэр бол орчин үеийн хамгийн өргөн тархсан тахал, ‘Би хэн бэ?’ буюу identity crisis байлаа.”**

**Хүн бүрийн “хэн бэ” гэдэгт олон давхарга бий.**Би эрэгтэй, эсвэл эмэгтэй.Би ийм мэргэжилтэй.Би ийм зан араншинтай.Би ийм амьдралтай.

**Гэхдээ миний identity crisis тийм энгийн зүйл байгаагүй.**Миний “мөн чанарын хямрал”-д байнга өртөөд байсан, асар шаналгаатай хэцүү санагдаад байсан шалтгаан нь өөрт өгөгдсөн identity-ийг эсэргүүцсээр байсантай маань холбоотой байж таарав.

**“Би Монголын тухай тийм ч их сонирхдоггүй байлаа.Харин одоо миний хувьд хамгийн чухал сэдэв бол Монгол.”**

Жишээ нь номын дэлгүүрт ороод хамгийн түрүүнд барьж авч буй ном маань Их Монгол улсын хатад, гүнжүүдийн тухай. Эзэнт гүрэн гэдэг ойлголт зөвхөн нэг агуу эр хүний нэрээр бус, түүний охид, хатад, эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр оршин тогтнох ямар ч боломжгүй байсныг уншаад, номын дэлгүүрийн голд нулимс дуслуулж зогсох болов.

Төрийн дууллаа цэх зогсоод, зүрхэндээ гараа тавин, дотроо чимээгүйхэн догдлон дуулдаг болов. **“Хайртай Монгол орноо мандуулъя аа” гэх хэсэгт очих бүрд хоолой зангирдаг хүн болчихсон байлаа.** Нүүдэлчин амьдралын хэв маягаа хадгалж үлдсэн хүмүүстэй хэдэн цагаар ч хамаагүй сууж, асуулт асууж, яриаг нь сонсмоор санагдана.

Салхи, тал, морь, гал, тэнгэр... эдгээр үгс надад зүгээр нэг романтик ойлголт байхаа больсон. Тэгээд гэнэт би нэг зүйлийг ойлгосон юм.

**“Хэн нэгэн болохоосоо өмнө, гадаад ертөнц надад элдэв шошго нааж эхлэхээс өмнө, юу юуны өмнө би Монгол хүн байжээ.”**

Би өөрийнхөө зарим зан чанарыг “яагаад би ийм юм бол?” гэж олон жил асууж явсан. Харин тэр асуултуудын хариулт үнэндээ надаас тийм ч хол байгаагүй. Зүгээр л би тийш харахыг хүсээгүй, тэндээс эхлэхээс зайлсхийж явсан байв. Тиймээс **“Би хэн юм бэ”** гэдэг асуултыг өдөр бүр өөрөөсөө асуусаар буй хэн нэгэнд хамгийн энгийн атлаа хамгийн үнэн нэг хариултыг хэлж өгье.

**Чи бол Монгол хүн.** Хязгааргүй хөх тэнгэрийн орны хүн.Нэгэн цагт (тийм ч удаан хугацааны өмнө биш) дэлхийн хамгийн хүчирхэг эзэнт гүрэн байсан, тэгээд дараа нь түүхийн урсгалд бутарч, алдаж, босож, дахин өөрийгөө цуглуулж сурсан ард түмний үр сад.

**Амьд үлдэхийн тулд нүүдэллэж, нүүдэллэхийн тулд тэсвэрлэж, тэсвэрлэхийн тулд байгаль дэлхийгээ юунаас ч илүү эрхэмлэн дээдэлж ирсэн хүмүүсийн нэг.**

**“Чиний хамгийн гүн хамаарал энд буй.**

**Хэрвээ чи хаанаас ч хамаарал мэдрэхээ больж, өөрийгөө хэн ч биш юм шиг мэдэрч эхэлбэл үндэс рүүгээ оч.**

**Гадаад ертөнц чамд шошго зүүж эхлэхээс ч өмнө аль хэдийнээ чинийх байсан зүйлээ эргэн санаарай.”**