> ## Content Index
> Fetch the complete content index at: https://paper-and-tonic.ghost.io/llms.txt
> Use this file to discover other available public pages before exploring further.

# Нүдэндээ итгэ
- URL: https://paper-and-tonic.ghost.io/nudendee-itge/
- Published: 2026-08-17T12:12:37.000Z
- Updated: 2026-08-17T12:12:37.000Z
- Author: Paper & Tonic
- Tags: Original

Ямар нэгэн хэтэрхий аймшигтай, хэтэрхий гэнэтийн зүйл харсан үедээ бид “Нүдэндээ ч итгэмээргүй юм” гэж хэлдэг. Харсан зүйл нь бодит байж болохгүй мэт санагдах үед бид тэр дүр зургийг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөрийн эрхгүй татгалздаг.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд тархсан өсвөр насны хүүхдүүдийн хүчирхийллийн бичлэгийг хараад олон хүн үүнтэй адил уулга алдсан гэдэгт эргэлзэхгүй байна.

“Ийм юм байж болохгүй.”“Нүдэндээ итгэмээргүй байна.”

**Гэхдээ энэ удаа магадгүй бид нүдэндээ итгэх хэрэгтэй байх.**

Заримдаа бид харсан зүйлээ “итгэмээргүй” гэж хэлэхдээ бодит байдлаас биш, өөрсдөөсөө зугтаж байдаг. Энэ бодит байдал бидний амьдарч буй нийгэмтэй холбоотой байж магадгүй гэсэн бодлоос. Тэр нийгэм чинь эцэстээ бид өөрсдөө шүү дээ гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс.

Олон хүүхэд нийлж нэг хүүхдийг зодож, доромжилж, бичлэг хийж, зураг авч, айлган сүрдүүлж буй тэр дүр зураг биднийг цочирдуулсан. Гэхдээ цочролын дараа бодит байдлыг өөрсдөөсөө холдуулах тайлбар хайх нь бидэнд их амархан.

“Энэ бол ганц тохиолдол.”“Эд бол онцгой муу хүүхдүүд.”“Ийм зүйл ер нь байж болохгүй.”

**Гэхдээ магадгүй хамгийн хэцүү асуулт нь арай өөр.**

Бичлэгийг үзсэн хүмүүсийн дараагийн асуултууд ч үүнтэй төстэй байсан.

Яаж ийм олон хүүхэд зэрэгцэж зогсоод нэгийгээ ингэж зодож чаддаг байна вэ?Яагаад хэн ч зогсоохгүй байна вэ?Яагаад бичлэг хийж байна вэ?

Удалгүй яриа буруутан, шийтгэлийн тухай маргаан руу шилжинэ.

“Эднийг хатуу шийтгэх хэрэгтэй.”“Хүүхдийн биш эцэг эхийн буруу.”“Эсвэл тэд өөрсдөө бас хохирогч.”

Шийтгэх эсэх, буруутгах эсэх, өршөөх эсэх тухай маргаан эхэлдэг. Гэхдээ энэ маргааны дунд нэг асуулт ихэвчлэн алга болчихдог.

**Яагаад ийм зүйл анхнаасаа боломжтой болсон юм бэ?**

Хүчирхийлэл гэнэт үүсдэггүй. Ямар нэг орчин, ямар нэг соёл, ямар нэг хүлцэл дахин дахин давтагдсаар аажмаар бий болдог.

Өсвөр нас бол эмзэг үе. Хэн нь хүчтэй, хэн нь сул, хэн нь бүлэгт багтах, хэн нь гадуурхагдах зэрэг ойлголтууд өсвөр насанд маш хурц мэдрэгддэг.

**Гэхдээ тэр өрсөлдөөн, тэр зөрчил хаа хүртэл явж болох вэ гэдэг нь тухайн орчны, нийгмийн хүлээн зөвшөөрдөг хязгаараас хамаардаг.**

Доромжлол инээдэм болж хувирдаг орчинд доромжлол хэвийн болдог.

Хүчтэй нь, чадаж байгаа нь ялна гэдэг ойлголт давамгайлдаг орчинд хүчирхийлэл амархан зөвтгөгддөг.

Хэн нэгний уналтыг бичиж аваад тараах нь “контент” болдог орчинд хүний зовлон хүртэл үзвэр болж хувирдаг.

Сүүлийн жилүүдэд бид сошиал орчинд доромжлол, элэглэл, олон хүний нийлсэн дайралтыг хэтэрхий их хараад дасчихжээ. Нийгмийн сүлжээнд хэн нэгнийг шүүмжлэхээс эхлээд дооглох, чичлэх, олноороо дайрах хүртэл маш хурдан өрнөдөг.

Заримдаа бид энэ бүхнийг “онлайн орчин” гэж тусад нь ойлгодог. **Гэхдээ насанд хүрээгүй хүүхдүүдийн хувьд онлайн ба бодит амьдрал хоёрын зааг тийм тод биш.** Тэд яг тэр соёл дунд өсдөг.

“Нүдэндээ итгэмээргүй юм” гэж хэлэх амархан. Ингэж хэлээд бид хэсэг хугацаанд цочирдож, сошиал орчинд бухимдлаа илэрхийлж, дараа нь маргааш нь өөр сэдэв рүү шилжээд мартчихдаг.

**Харин нүдэндээ итгэнэ гэдэг илүү хэцүү.**Учир нь нүдэндээ итгэнэ гэдэг нь энэ явдлыг зүгээр нэг аймшигтай бичлэг, нэг удаагийн сенсаци гэж харах биш, энэ явдал биднээс тусдаа хаа нэгтээ болсон зүйл биш гэдгийг, харин бидний амьдарч буй нийгэм дотор болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хэлнэ.

Бидний хүүхдүүд өсөж байгаа орчинд болсон явдал.Бидний үл тоож өнгөрүүлдэг, заримдаа хэвийн мэт хүлээж авдаг соёл дунд болсон явдал.

Тиймээс магадгүй энэ удаа “нүдэндээ итгэмээргүй юм” гэж хэлээд өнгөрөхийн оронд нүдэндээ итгээд, харсан зүйлээ мартахгүйгээр өөрсдөөсөө асуух хэрэгтэй байх.

**Энэ явдал бидний нийгмийн талаар юу хэлж байж болох вэ?**